E-Sight
BETD 2024: Дэлхийн эрчим хүчний шилжилтийг түргэтгэе

BETD 2024: Дэлхийн эрчим хүчний шилжилтийг түргэтгэе

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

10 дахь жилдээ “Berlin Energy Transition Dialogue” олон улсын эрчим хүчний чуулга уулзалт (2024.03.19) эхэлж, 2 дахь өдрөө үргэлжилж байна. “Дэлхийн эрчим хүчний шилжилтийг түргэтгэе” уриан дор зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд 75 орны сайд, өндөр дээд хэмжээний төлөөлөгч, бизнес, шинжлэх ухаан, иргэний нийгмийн 3000 гаруй оролцогч чуулж байгаа юм.

Монгол Улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны (German Embassy Ulaanbaatar) дэмжлэгтэйгээр Energy Insight Magazine-ийн баг “Берлиний эрчим хүчний шилжилтийн яриа хэлэлцээ" чуулга уулзалтыг сурвалжилж буй.

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Баербок, Эдийн засаг, уур амьсгалын асуудал эрхэлсэн сайд Роберт Хабек нар үг хэлж албан ёсоор нээсэн энэ жилийн “Berlin Energy Transition Dialogue” (BETD)-ээр COP28 хурлын зорилтуудын бодит хэрэгжилт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хүртээмжтэй шилжилт, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт, техник технологийн ололт дэвшил гээд маш өргөн хүрээнд яриа хэлэлцээр өрнүүлж буйн зэрэгцээ дэлхий дахины ядуурал, боловсрол, эрүүл мэнд, жендэр, хүний эрхийн асуудлыг эрчим хүчтэй холбон авч үзэж байна.

Сайд Анналена Баербок “Өнгөрсөн жил дэлхий дахин сэргээгдэх эрчим хүчийг өмнөх жилээс 50 хувиар илүү суурилуулсан. Хамгийн сүүлд Дубайд болсон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлаар чулуужсан түлшний эрин үе дуусах дөхөж байгаа нь тодорхой болсон. Одоо гол зүйл бол эдийн засаг, технологийн хувьд хэн тэргүүлж байгааг олж харах, сэргээгдэх эрчим хүчийг өргөжүүлэх ажлыг шударгаар явуулах явдал юм. Учир нь Африкт л гэхэд 600 сая хүн цахилгаан эрчим хүчгүй хэвээр байна. Хэрэв бид уур амьсгалын хямралын хамгийн муу үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн цэвэр эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтад үнэмлэхүй тэсрэлт хэрэгтэй” гэдгийг онцоллоо. Тэрээр “Бид бие биеэсээ суралцах учиртай. Өнөөдөр Уругвай эрчим хүчнийхээ 98 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэж байна. Оман олон арван мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд нарны эрчим хүчний хэд хэдэн мега төслийг хэрэгжүүлж байгаа. Дэлхийн хамгийн том “ногоон” аммиакийн үйлдвэрүүдийн нэг Намибид баригдаж буй бөгөөд энэ нь ирээдүйн түлш болох устөрөгчийн хэрэглээг тэлэхэд түлхэц болно. Цэнхэр гаригийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авах нь хил хязгаарыг даван бид бүгдийг нэгтгэж байна” гэв.

Эдийн засаг, цаг уурын асуудал эрхэлсэн сайд Роберт Хабек “2015 онд анх BETD зохион байгуулагдсанаас хойш Герман улсын эрчим хүчний нийт системийн 50 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүч эзлэх хэмжээнд хүрч өссөн. Бид хурдаа ахиулж 2030 он гэхэд 80 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. Мэдээж бид дотооддоо ч, олон улсын түвшинд ч хүчин чармайлтаа орхихгүй” хэмээлээ.

2023 онд дэлхийн хэмжээнд 473ГВт сэргээгдэх эрчим хүч суурилуулж дээд амжилт тогтоосон. Гэвч Олон улсын сэргээгдэх эрчим хүчний байгууллагаас (IRENA)“2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх зорилтдоо хүрч чадахгүй байх эрсдэлтэй” гэж үзэж байгаа дүгнэлтээ BETD 2024 чуулган дээр танилцуулсан юм.

Энэ жилийн чуулганд IRENA-ийн Ерөнхий захирал Франческо Ла Камера, IEA-ийн Гүйцэтгэх захирал Фатих Бирол нар оролцсон бөгөөд олон улсын сэтгүүлчидтэй уулзалт хийсэн юм.

Энержи Инсайтын сэтгүүлч Э.Оджаргал, Берлин хот