Хятад улсын баруун өмнөд хэсэгт орших Хөх мөрний дагуу дэлхийн хамгийн том цэвэр эрчим хүчний коридор бий болсон. Эндээс өнгөрсөн онд 276 тэрбум КВт/цаг цахилгаан үйлдвэрлэсэн нь 2022 оныхоос 5.3 хувиар өссөн байна. Уг өсөлт нь нүүрсний хэрэглээг ойролцоогоор 83 сая тонн, хийн ялгарлыг 200 гаруй сая тонноор тус тус бууруулсантай тэнцэнэ гэж мэдээлжээ.
Усан цахилгааны 6 мега станцаас бүрдэх энэхүү коридор 2022 оны арванхоёрдугаар сард бүрэн байгуулагдаж, дээд хэсгийн Байхэтан усан цахилгаан станц бүрэн ашиглалтад орсон. Байхэтан усан цахилгаан станц нь 16 сая кВт суурилагдсан хүчин чадлаараа дэлхийд хоёрт эрэмбэлэгддэг. Коридорын дагуух бусад 5 нь Вүдүндэ, Шилуоду, Шянжяба, Гурван хавцал, Гэжоуба цахилгаан станц юм. Уусан цахилгааны зургаан станц нийт 71.7 сая кВт суурилагдсан хүчин чадалтай. 1981 оны долоодугаар сард анхны блок ашиглалтад орсноос хойш 6 станц нийт 3 их наяд гаруй кВт.цаг цахилгаан үйлдвэрлэжээ.
Коридор нь 1 дусал уснаас зургаан удаа цахилгаан үйлдвэрлэх ба жилд дунджаар 300 орчим тэрбум кВт.цаг цэвэр эрчим хүч гаргах чадамжтай, улмаар 300 гаруй сая хүний жилийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах ажээ. Одоо байгалийн баялаг ихтэй зүүн бүсийн нутгуудад цахилгаан эрчим хүч дамжуулж байна. Нийтдээ 1800 км үргэлжилдэг цэвэр эрчим хүчний энэ коридор нь Хөх мөрний сав газрын үерийн хяналт, усан тээвэр, усны нөөцийн ашиглалт, экологийн аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус коридор Хятадын усан цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлын 16 орчим хувийг эзэлж байна.