E-Sight
Сэргээгдэх эрчим хүчний судалгааны лаборатори нэгээр нэмэгдлээ

Сэргээгдэх эрчим хүчний судалгааны лаборатори нэгээр нэмэгдлээ

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

ШУТИС, Эрчим хүчний сургуулийн Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний салбарын "Сэргээгдэх эрчим хүчний судалгааны лаборатори"-ийн нээлтийг өнөөдөр (2024.10.09) хийлээ. Олон улсад төдийгүй манай улсад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ хурдацтай нэмэгдэж буй. Үүнд туршлагатай инженерүүдийг бэлтгэхэд судалгааны лаборатори шаардлагатай байдаг. Тус сургуулийн судалгааны лаборатори энэхүү хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулах юм.

Ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн ректор, доктор, профессор Т.Намнан үг хэллээ. Тэрээр "Лаборатори гэдэг бидний хувьд хамгийн чухал. Инженерийг гараар нь дамжуулж, тархинд нь ур чадвар суулгаж бэлтгэн гаргахад бусад мэргэжлүүдийг бодвол материаллаг орчин нөхцөл шаарддаг учиртай. Анх инженер бэлдэж байх 1950-1970 оны үед бол ихэвчлэн ашиглалтын инженер, тухайн үеийн Политехникийн Их Сургууль бэлддэг байлаа. Өнөөдөр бол бид өөрсдөө хийж, бүтээж, хөгжүүлдэг улс үндэстэн болж, ирээдүйд өргөжин тэлэхэд зохион бүтээгч, шинэ мэдлэгийг шинэ инновац болгодог шинэ инженер техникийн мэргэжилтнүүд бэлтгэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа." гэсэн юм. Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрөөр 2002 оноос хойш элсэгчид авч эхэлсэн байна. Энэ хугацаанд 300-400 мэргэжилтэн бэлтгэжээ. Харин өнгөрсөн жилээс Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний салбар болон өргөжсөн байна.  

Судалгааны лабораторийг байгуулахад тус сургуулийн 2004 оны төгсөгч, “Эм Эм Эс Инжеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантүлхүүр хөрөнгө оруулжээ. Тэрээр "ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд суралцаж байхдаа иймэрхүү тоног төхөөрөмжтэй байсан сан бол гэж боддог үе байсан. Цаашид лабораториор зогсохгүй Эрчим хүчний сургуультай хамтран ажиллана. Манай шоп дээр дадлага хийх ийм боломжуудыг олгох, үнэтэй боловсон хүчин бэлтгэхэд туслахдаа бүрэн итгэлтэй байна." гэж хэллээ.

Энэхүү лабораторийн онцлог нь цомцог гэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан дулаанаар хангах ахисан түвшний судалгаа хийх боломжийг бүрдүүлсэн байна. Энэ талаар тус сургуулийн Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний салбарын дэд профессор Э.Мөнхтуяа "Цомцог гэрийг агаарын дулааны насос, нарны вакум коллектор, цахилгаан шалны халаалтыг ашиглан дулаацуулгыг хангах юм. Агаарын дулааны насос хэрэглэх энгийн горимтой. Зуны халуунд агаарыг хөргөх, өвлийн хүйтэнд халуун агаараар үлээх зориулалттай. Бид нар энэ өвөл тасралтгүй хэмжилт хийж, сэргээгдэх эрчим хүчийг дулаанд ашиглах судалгаа хийх төлөвлөгөөтэй байна." гэв. Цаашид энгийн сууцтай айл өрх, жуулчны баазад туршилт хийхээр судалж байгаа аж.