E-Sight
Хятад: Муж хооронд цахилгаан эрчим хүчний спот зах зээлийг нээлээ

Хятад: Муж хооронд цахилгаан эрчим хүчний спот зах зээлийг нээлээ

E. Odjargal
E. Odjargal
Editor-In-Chief

Хятад улсад 1000 орчим хоног туршилтын үйл ажиллагаа явуулсны дараагаар муж хооронд цахилгаан эрчим хүчний спот зах зээлийг албан ёсоор эхлүүлж байгааг төрийн өмчит State Grid корпорац (2024.10.15) зарлалаа. Ингэснээр тус улс эрчим хүчний нэгдсэн зах зээлтэй болох, цэвэр эрчим хүч рүү шилжих чухал алхам гэж үзэж байна. Муж хооронд эрчим хүчний спот зах зээл бий болсноор бүс нутаг дамнасан эрчим хүчний дамжуулалтыг оновчтой болгох, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх, орон нутаг болон муж хоорондын зах зээлийн уялдаа холбоог сайжруулах зорилготой хэмээн State Grid корпорац мэдэгджээ.

Энэхүү зах зээлийн туршилтын үйл ажиллагаа эхэлсэн 2022 оны нэгдүгээр сараас хойш өдгөө 6000 гаруй аж ахуйн нэгж оролцож 88 ТВт цахилгаан эрчим хүч худалдснаас 44 хувь нь сэргээгдэх эрчим хүч эзэлж байна.

Спот зах зээл нь оргил ачааллын үед эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад үр дүнтэй болох нь батлагдсан гэдгийг State Grid корпорацын мэдээлэлд онцолжээ. Тухайлбал, 2022 оны зун Хөх мөрний сав газарт хүчтэй халж Сычуань, Чунцин болон Хятадын зүүн болон төвийн зарим муж хоорондын эрчим хүчний спот худалдаа 150 ГВт/цаг хүрч, өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад тусалжээ. Өнгөрсөн жил Хятадын муж хоорондын эрчим хүчний худалдаа 12.85 ГВт хүрч, Сычуань, Жянсу болон бусад 15 мужид эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн байна. 

2024 оны есдүгээр сарын байдлаар Хятадын муж хоорондын эрчим хүчний спот зах зээл дээр 40 ТВт цэвэр эрчим хүч худалдаалж, нүүрсний эх үүсвэртэй эрчим хүчний хэрэглээг бууруулж байгаа аж. Оргил ачааллын үед эрчим хүчний өндөр үнэ нь цахилгаан станцуудын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд түлхэц болж буй бол ачаалал багатай үед хямд үнэ нь хэрэглэгчдийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс илүү их эрчим хүч хэрэглэхэд нөлөөлж байна гэдгийг туршилтын үйл ажиллагааг харуулсныг  State Grid корпорац мэдэгджээ. Тус корпорац ийн дэлхийд хамгийн өргөн сүлжээ бүхий эрчим хүчний спот зах зээлийг бий болгоод байна.