Өмнөд Америк тивийн Эквадор улс цахилгаан эрчим хүчний 70 хувийг усан цахилгаан станцаас бүрдүүлдэг. Тус тивийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд УЦС чухал нөлөөтэй.
Эквадорын нийслэл Кито хотын ойролцоо есдүгээр сарын сүүлчээр ойн түймэр гарсны улмаас сүүлийн 60 жилд учраагүй ган гачиг тохиожээ. Үүнээс үүдэн усан сангийн түвшин түүхэн доод хэмжээнд хүрсэн байна. Зарим УЦС-ууд эрчим хүч үйлдвэрлэлээ бүрэн зогсоосон бол зарим нь бага хэмжээнд ажиллаж буй гэнэ.
Тухайлбал, тус улсын хамгийн том УЦС болох “Coca Codo Sinclair” 1500 МВт суурилагдсан чадлынхаа ердөө 59 хувийг ашиглаж байгаа аж. Мөн Mazar, Paute-Molino, Sopladora зэрэг УЦС-ууд байгалийн гамшгаас үүдэн зогсжээ. Түүнчлэн хөрш орнуудын экспорт зогссон нь тус улсын хямралыг улам хурцатгасан байна. Тухайлбал, Колумби Эквадорт эрчим хүч нийлүүлэхээ больжээ.
Өмнөд Америк тивд сүүлийн гурван жилийн хугацаанд ган гачиг болсон нь Ла Нина үзэгдлийн үр дагавартай холбоотой хэмээн судлаачид үзэж байна.
Өнгөрсөн онд Латин Америкийн орнууд цахилгаан эрчим хүчний 60 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэсэн гэж ОУЭХА-ийн тайланд дурджээ. Тодруулбал, ЦЭХ-ний үйлдвэрлэлийн 45 хувийг усан цахилгаан станц дангаар бүрдүүлж байна. Цаашид ган гачиг тохиохгүй бол сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 2030 он гэхэд 66 хувь, 2050 онд 80 хувийг эзлэх талаар ОУЭХА мэдээлжээ.
Эх сурвалж: www.zdf.de