E-Sight
Цаг агаарын эрс тэс үзэгдэл нь Монгол орны хувьд цаашид хэвийн, жил бүр тохиох үзэгдэл болж магадгүй

Цаг агаарын эрс тэс үзэгдэл нь Монгол орны хувьд цаашид хэвийн, жил бүр тохиох үзэгдэл болж магадгүй

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Жил бүрийн 10 дугаар сарын 24-ны өдрийг "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйлдэл хийх олон улсын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Уг өдрийг НҮБ-аас уур амьсгалын өөрчлөлтөд олны анхаарлыг хандуулах үүднээс тогтжээ. Тэгвэл Дэлхийн банкнаас гаргасан "Уур амьсгалын ба хөгжил тайлан"-д манай улсын талаар юу гэснийг товчлон хүргэж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг дагаад 2024 онд тохиосон цаг агаарын эрс тэс үзэгдэл нь Монгол орны хувьд цаашид хэвийн, жил бүр тохиох үзэгдэл болж магадгүй юм. Энэ зууны дунд үе гэхэд Монгол оронд гурван жил тутамд нэг удаа зуд тохиож, хүн амын тавны нэгийг бүрдүүлдэг малчдын аж ахуйд ихээхэн хүндрэл учруулж болзошгүй юм.

Улаанбаатар хотод оршин сууж буй 200 мянга гаруй буюу нийслэлийн хүн амын 15 орчим хувь үерт өртөхүйц эрсдэлд орсон. Цаашид хотын хүн ам өсөх тусам энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байна.

Цахилгаан эрчим хүч, дулааны системийг илүү цэвэр, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхийн тулд үйлдвэрлэл, сүлжээний дэд бүтцэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ эрчим хүчний салбарт шинэчлэл хийх шаардлагатай байна.

Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлын суурь түвшнээс 22.7 хувиар бууруулах амлалт өгөөд байгаа билээ. Гэхдээ Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг "цэвэр дүнгээр тэг" болгох зорилт хараахан дэвшүүлээгүй байна.

Дэлхийн банкны хийсэн судалгаагаар нүүрстөрөгчийг хуримтлуулж, шингээх хүчин чадлыг алдагдуулахгүйгээр газар нутгийн эдийн засгийн үр өгөөжийг 144 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж тогтоосон.