"Бага чадлын цөмийн эрчим хүчний станцын ашиглалт, ерөнхий асуудал" сэдэвт үндэсний семинар өнөөдөр (2024.11.18) эхэллээ. Цөмийн энергийн комисс, МУИС-ийн Инженер технологийн сургууль, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, Олон Улсын Атомын Энергийн Агентлаг хамтран зохион байгуулж буй тус семинар хоёр өдөр үргэлжилнэ.
Семинарын нээлтээр Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав "Монгол Улс ураны батлагдсан нөөцөөрөө дэлхийн улс орнуудын дунд дээгүүр байр эзэлдэг. Өнөөгийн байдлаар манай улс хүдрийн баяжмалаа экспортлохоор бэлтгэж байна. Энэ цаг үе тухайн нөөц баялгаа түшиглэн цөмийн эрчим хүчийг ашиглах асуудлыг одооноос авч үзэх шаардлагатай байна. Монгол Улсын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2022 оны хуралдаанаар цөмийн эрчим хүчний асуудлыг хэлэлцээд, цөмийн эрчим хүчийг ашиглах суурь судалгааны ажлыг эхлүүлэх , судалгаа хийх Ажлын хэсэг байгуулагдсан билээ.
Ажлын хэсэг нь ОУАЭА-аас гаргасан цөмийн эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх зөвлөмжийн дагуу цөмийн эрчим хүчийг ашиглахад шийдвэрлэвэл зохих үндсэн 19 асуудлын хүрээнд 60 багц сэдэвт нарийвчилсан судалгааны ажил хийх шаардлагатайг тогтоосон. Ажлын хэсгийн тайланг Эрчим хүчний сайдын зөвлөл, Цөмийн комиссын хуралдаан, улмаар Засгийн газрын хуралдаанаар шат дараалан хэлэлцүүлж цөмийн эрчим хүчний станцын дэд бүтцийн үндсэн 19 асуудлыг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулж танилцуулахын Цөмийн энергийн комисст үүрэг болгоод байна. Энэ хүрээнд ОУАЭА-ийн зөвлөмжийн дагуу Цөмийн эрчим хүчний хөтөлбөр хариуцсан байгууллагыг байгуулан ажиллуулах бөгөөд зарим судалгааны ажлыг холбогдох төрийн байгууллагууд үйл ажиллагааныхаа хүрээнд хэрэгжүүлнэ. Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн асуудлыг үнэлэх болон хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэх, урьдчилсан ТЭЗҮ, мөн иж бүрэн тайланг боловсруулах ОУАЭА дэмжлэг, зөвлөх үйлчилгээг авахаар хамтран ажиллаж байна. ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2024-2025 онд “Цөмийн эрчим хүчийг ашиглах боломжийг үнэлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг идэвхжүүлэх” үндэсний төслийг хэрэгжүүлж байна" гэв.