E-Sight
Монгол Улс 2030 онд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгохыг зорьж байна

Монгол Улс 2030 онд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгохыг зорьж байна

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Өнөөдөр (2024.11.28) Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй "Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь" сэдэвт форум болж байна. Тус форум энэ удаа хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт, ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх нь гэсэн сэдвийг голлолоо.


Монгол Улс 2030 онд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилт тавьсан. Үүнд 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай. Үүний 6.3 тэрбум ам.долларыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбум ам.долларыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкнууд 2030 онд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгохыг зорьж байна. 

Дэлхийн дахинд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны санхүүжилт 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрсэн. Энэ 11 дүгээр сард Баку хотод НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалт болж өнгөрсөн. Уулзалтын дараа хөгжингүй орнуудын төр, хувийн хэвшлийн байгууллагууд буурай, хөгжиж буй орнуудад 2035 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүжилтийн хэмжээг жил бүр 300 тэрбум ам.долларт хүргэхэд санал нэгдээд байна. Энэхүү санхүүжилт 2022 оны байдлаар 100 тэрбум ам.долларт хүрсэн юм. 

Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасан байна.