-Эдийн засгаа боогдуулсан эрчим хүчээ өөд татахгүйгээр тогтвортой өсөлт ярих боломжгүй -
Монгол Улсын эдийн засгийг тэлэх, солонгоруулах асуудал олон жил яригдсан ч яг үнэндээ хамгийн гол салбар болох эрчим хүчийг гаргуунд нь хаясан. Энэ нь эргээд эдийн засгийн бүхий л талбар дахь өсөлтийг хязгаарлаж боомилсоор ирэв.
Манай улс сүүлийн 30 жилд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж, шинэ эх үүсвэр нэмээгүй явж ирсэн нь жил бүр тасралтгүй өсөн нэмэгдсэн хэрэгцээг хангаж дийлэхгүйд хүрч, эцэст нь томоохон уул уурхай, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны эрчим хүчийг хязгаарлах замаар аргалж байгаа билээ. Өнөөдөр “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж, Парламентад суудалтай намууд Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд гарын үсэг зурж том том төсөл төлөвлөсөн ч хэрэгжүүлэх, хангах эрчим хүч яг одоогийн байдлаар Монгол Улсад байхгүй. Гэр хорооллын дулаанаа эрчим хүчээр шийдэх нөөцгүй, утаандаа угаартаад амьдарч байгаа нь энэ салбарыг хаясны хамгийн том төлөөс нь. Тийм ч учраас Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийн тал нь эрчим хүчнийх байгааг дурдах хэрэгтэй болов уу.
Нөгөө талаар, Монгол Улсын эдийн засгийн эмзэг, уул уурхайгаас хэт хамааралтай байдлыг бууруулахын тулд уул уурхайн бус бусад салбараа дэмжихээс өөр гарц байхгүй. Үүнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, технологийн салбар хамгийн эхэнд яригддаг ч эргээд эрчим хүчний хомсдол дээр очоод бүдэрдэг. Цаашид хомсдол хэрхэн нэмэгдэхээр байгааг Эрчим хүчний зохицуулах хорооны дээрх мэдээллээр үзүүлэв.
Тийм ч учраас эдийн засгийн өсөлтийг ярихын тулд эрчим хүчний салбарт төвлөрөхөөс аргагүй болж байна. Яагаад гэвэл өнөө үед шударга шилжилт буюу аливаа өөрчлөлт шинэчлэлтийн үед бусад оролцогч талыг хохироохгүй байх зарчим тогтвортой хөгжлийн нэг гол шалгуур болж байгаа билээ. Нийт иргэдээ чанартай эрчим хүчээр тэгш хангаж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд дэлхий нийтийн харж байгаа тогтвортой хөгжлийн зүгт бид алхах боломжгүй байгаа юм.
Сэргээгдэх эрчим хүчний салбарт 60 тэрбум ам.долларын хөрөнгө татах боломжтой
Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 81.3 хувийг нүүрсэн галлагаат цахилгаан станцаар хангаж буй. Сэргээгдэх эрчим хүчний салбарыг өргөжүүлэх гээд өнөөдөр манай улсын шугам сүлжээний дэд бүтцийн хуучирсан, хүчин чадал муутай байдал, горимын тохируулга хийх эх үүсвэргүй зэрэг олон шалтгааны улмаас энэ салбар мөн л гацаатай, боогдмол байна.
Гэтэл газар зүйн хувьд манай улсад байгалийн хязгааргүй нөөц заяажээ. Манай улсыг салхины 200 ГВт, нарны 1,200 Гвт эрчим хүч экспортлох нөөц боломжтой хэмээн Азийн Хөгжлийн банкнаас тогтоож байж. Монголын говиос л гэхэд жилдээ 13,000 терраватт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой талаар эрчим хүчний зөвлөх инженер Б.Батлхагва танилцуулсан юм. Товчхондоо Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц нь БНХАУ-ын хэрэглээг бүрэн хангаад илүү гарахуйц арвин баялаг гээд төсөөлөхөд болно. Азийн бүс нутгийн эрчим хүчний зах зээл 2023 оны байдлаар 1.1 их наяд ам.доллароор хэмжигдэж байгаа бөгөөд жил тутам 10 орчим хувиар тогтмол өсөж байна.
БНХАУ, БНСУ, Япон зэрэг Азийн, цаашлаад Ази Номхон далайн орнуудыг эрчим хүчээр хангах амбицтай 2011 оноос яригдсан Азийн супер сүлжээ төслийн хүрээнд улс орнууд бодитой ажил хийгээд явж байгаа бол Монгол Улсын оролцоо урагшлахгүй байгаа юм.
Хэрэв манай улс нар салхины 5 ГВт эрчим хүч экспортлохын тулд 5.5 тэрбум ам.доллар, 100 ГВт эрчим хүч экспортлоход 85 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатайг тооцоолжээ. Тэгвэл үүнээс 60 хүртэл тэрбум ам.долларын хөрөнгө оруулах боломж Азийн супер сүлжээ төсөлд байгааг Б.Батлхагва зөвлөх онцолсон.
Энэ бол ямар том боломж болохыг тайлбарлах нь илүүц биз ээ.
Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох хувилбар
Өнгөрсөн сард УИХ-аар хэлэлцэн баталсан Цөмийн эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улс уран олборлож, экспортлох эрх зүйн орчин бүрдэнэ. Оюутолгойн дараа бичигдэх гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалт бүхий төсөл Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжихээр хөрөнгө оруулалтын гэрээг Францын талтай байгуулахаар хүлээгдэж байна. Энэхүү төсөл нь экспортыг солонгоруулахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд ногоон эрчим хүчийг дэмжиж байгаа гэдгээрээ ач холбогдол нь өргөн цар хүрээтэй төсөл юм.
Энэхүү төсөлтэй зэрэгцээд цөмийн эрчим хүчний салбарт Монгол Улс нэг алхам урагшилж байгаа нь жижиг оврын цөмийн станц байгуулах судалгаа эхлүүлсэн явдал.
Бага чадлын цөмийн эрчим хүчний станц байгуулах эдийн засгийн хялбаршуулсан тооцооллын талаар шинжлэх ухааны доктор Ц.Золбадрал өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулсан.
ТЭЗҮ боловсруулах, төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах болон бүх судалгааны ажилд ойролцоогоор нийт 5.6 тэрбум төгрөг шаардагдах тооцоог гаргасан бөгөөд 30 хувийг нь Засгийн газар санхүүжүүлж, үлдсэнийг нь олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас гаргах боломжтой хэмээн үзэж байна. Засгийн газар дэмжсэн тохиолдолд энэ судалгаа жинхэнэ ТЭЗҮ болж, станцыг 12 жилд барих болов уу гэж урьдчилан тооцож байгааг Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал ярьсан. Өөрөөр хэлбэл, арав гаруй жилийн дараа манай улс цөмийн эрчим хүчний эх үүсвэртэй болох ажил гараанаас хөдөлж байна гэж болохоор байгаа нь энэ салбарын гэрэл гэгээтэй мэдээлэл юм.
Эдийн засгийн бусад салбар өссөн ч эрчим хүч нуран унавал…
Харин эрчим хүчний салбараа өөд нь татаж чадахгүй бол яах вэ гэдэг асуулт нөгөө талд нь бий. Тэгвэл бид яг өнөөгийн Куба улс шиг бүх салбараа татан унагаж, бүхэлдээ эдийн засгийн гүн хямралд орох болно. Ямар ч сайхан төсөл яриад хэрэгжих боломжгүй болно. Лаагаа асааж, галаа түлээд амьдрахад хүрнэ.
Эрчим хүчний салбараа нэг түүхий эдээс хэт хамааралтай байлгаж, үнийг зохицуулж, зах зээлийн зарчмаар нь явуулалгүй олон жил явсан Куба улсын эрчим хүчний систем өнгөрсөн аравдугаар сард бүхэлдээ унаж, тус улсын олон сая хүн гэрэлгүй, усаа цэвэршүүлж, хүнсээ шинээр нь хадгалж идэх боломжгүйгээр хоёр сар орчим амьдарч байна. Байдал улам хүндэрч, хямрал гүнзгийрсээр байгааг олон улсын хэвлэлүүд бичсээр байгаа.
Энэ улсын хуучирсан дэд бүтцийг сайжруулж, сэргээгдэх эрчим хүчний шилжилт хийх зэрэгт ойролцоогоор 10 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатайг олон улсын шижээчид тооцож гаргажээ. Гэвч энэ хэмжээний мөнгө нь байгаад системийн хэвийн ажиллагааг бүрэн хангахад 10-15 жил шаардлагатай болж байна гээд төсөөл дөө. Ингээд эдийн засгаа эргээд босгоход 20-30 жил болох тооцоо гарчээ. Энэ сэргэлтийг үзэхэд зарим иргэнийх нь нас хүрэхгүй, энэ хугацаанд бүтэн нэг үеийнхэн хохироход хүрээд байгаа энэ нөхцөлийг нэг л салбарын уналт бий болгоод байгаа юм. Кубын эрчим хүчний жишээ Монголынхтой тун төстэй байгаа учраас эш татав.
Дэлхий нийтээрээ эдийн засгийн огцом өсөлт биш, урт удаан хугацааны тогтвортой, иргэндээ, нийгэмдээ ээлтэй, байгаль орчинд сөрөг нөлөө багатай өсөлтийг чухалчилж байна. Ийм үед Монгол Улс тогтвортой өсөж, хөгжихийн тулд суурь болсон салбараа анхаарахаас аргагүй байгааг энд сануулахыг хичээлээ.