E-Sight
Оюутан, залуус 149 тонн хүлэмжийн хий бууруулах төслүүд хэрэгжүүлжээ

Оюутан, залуус 149 тонн хүлэмжийн хий бууруулах төслүүд хэрэгжүүлжээ

НҮБ-ын Хүүхдийн Сан нь “Greenrising” санаачилгын хүрээнд “Эрчим хүчний шилжилтийн манлайлагч” хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа. 

ШУТИС, Баянзүрх дүүргийн ЗДТГ-тай хамтран энэхүү хөтөлбөрөөр 18-25 насны 27 оюутан, залууст нарны эрчим хүчний онолын болон практикийн мэдлэг эзэмшүүлж, цэвэр эрчим хүчний чиглэлээр чадавхжуулсан юм. 

Хөтөлбөрийн оролцогчид Улаанбаатар хотын сонгогдсон 10 сургуулийн нийт 650 сурагчдад хүрч, нарны системийн шийдэл бүхий бичил төслүүд хэрэгжүүлсэн. Эдгээр төсөл ойролцоогоор жилд 149 тонн хүлэмжийн хийг бууруулах боломжтой.

Сонгогдсон 10 сургуульд Сүхбаатар дүүргийн 16, 29, 131 дүгээр сургууль, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 89 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 47 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 74, 151 дүгээр сургууль болон Өнөр цогцолбор сургууль багтжээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Хүүхэд, залуучуудад сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчийг хэрхэн ашиглах талаар мэдлэг олгож тэдэнд байгаль орчиндоо эергээр хувь нэмрээ оруулах боломжийг олгож байгаадаа баяртай байна.” хэмээн хөтөлбөрийн талаарх байр сууриа илэрхийлжээ.