Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх зорилт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан билээ.
2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд тархмал эх үүсвэрээс эрчим хүч худалдаж авах, худалдах үнийг жил бүр тогтоохоор зохицуулсан. Улмаар Эрчим хүчний сайдын 2020 оны 159 дүгээр тушаалаар “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам” баталсан юм. Уг журамд иргэн 20 кВт, албан байгууллага техникийн нөхцөлөөр олгогдсон хүчин чадлынхаа 50 хүртэл хувийг түгээх, сүлжээнд нийлүүлж болохоор заажээ. Харин 2022 онд Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх үнийг өдрийн цагаар 140.18 төгрөг, оргил ачааллын үед 221.80 төгрөг байхаар тогтоосон аж. Үүнээс хойш энэ тарифыг шинэчлэн батлаагүй байна.
Төв сүлжээнд эрчим хүч нийлүүлэх үнэ маш доогуур буйгаас зах зээлийн өрсөлдөөн үүсэх боломжгүй, энэ салбарыг цаашид хөгжүүлэхэд хүндрэлтэй байгааг бага оврын эрчим хүч үйлдвэрлэгчид болон мэргэжилтнүүд хэлдэг.
“Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт: Ахиц дэвшил ба арга зам” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр ЭХЗХ-ны Ажлын албаны Дарга Б.Болор-Эрдэнэ “Тархмал эх үүсвэрийн эрчим хүч худалдаж авах үнийг нэмэхгүй бол салбарын хөгжил доройтно гэдгийг үйлдвэрлэгчид удаа дараа хэлж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа. Гэвч хамгийн гол асуудал нь эрчим хүч худалдан авах үнийг өндөр тогтоовол эрчим хүчний зөрүү үүсдэг. Үүссэн зөрүүг бусад тарифын хэрэглэгчдэд шингээж алдагдлыг арилгадаг. Тиймээс энэ өөрөө маш төвөгтэй асуудал юм. Харин үйлдвэрлэгчдийн зүгээс өдрийн цагаар 285 төгрөг, оргил ачааллын үед 500 төгрөгөөр үнийн өртөг тогтоох санал дэвшүүлсэн. Бид уг өртгөөр тогтоох боломжтой эсэхийг судалж байгаа. Хорооны хурлаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн юм.
Манай улс шиг төвлөрсөн цахилгаан сүлжээнээс алслагдмал хэрэглэгч ихтэй оронд нэн тохиромжтой. Мөн сүлжээний тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, импортын эрчим хүчний хараат байдал болон хомсдолыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэхээс гадна хэрэглэгчдийн эдийн засагт эергээр нөлөөлөх юм. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжүүд төвийн сүлжээнд илүүдэл эрчим хүчээ нийлүүлж, тодорхой хэмжээгээр ашиг олох ч боломжтой.