Өнгөрсөн жилийн үзүүлэлтээр АНУ-ын цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 58 хувийг байгалийн хий, газрын тос, нүүрс зэрэг чулуужсан түлш эзэлж байгааг Ember мэдээлсэн. Гэхдээ тус улсын салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл нийт 17 хувьд хүрч 15 хувь болж буурсан нүүрсний эрчим хүчийг гүйцэж түрүүлжээ. Энэ нь 2018 онд нүүрсний эрчим хүч нь нар, салхины эрчим хүчийг нийлүүлснээс гурав дахин их байсантай харьцуулахад өөрчлөгдсөн үзүүлэлт болж байна. АНУ-ад нарны эрчим хүч нь хамгийн хурдацтай хөгжиж буй эрчим хүчний эх үүсвэр аж. 2024 онд тус улсад нарны 50 ГВт хүчин чадал нэмэгдсэн нь 37 сая гаруй өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахуйц.
Өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены үед Холбооны Засгийн газар татаас, татварын хөнгөлөлт үзүүлэх замаар сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэнээр энэ чиглэлийн төслүүдэд хөрөнгө оруулалтыг идэвхжүүлсэн гэдгийг судлаачид онцолж байна.
Байгалийн хий нь АНУ-ын цахилгаан эрчим хүчний гол эх үүсвэр хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн жил нийт эрчим хүчний 42.5 хувийг эзэлжээ. Хэдийгээр нүүрснээс илүү цэвэр ч байгалийн хий нь чулуужсан түлшинд тооцогддог. Тус улс сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны үйлчилгээ, крипто валют, цахилгаан автомашин өргөнөөр хэрэглээнд нэвтэрсэнтэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчний эрэлт, хэрэглээ нэмэгджээ.
2040 он АНУ-д гэхэд 900 ГВт сэргээгдэх эрчим хүч, хуримтлуурын дэд бүтэц шаардлагатай болно гэж Ember таамаглаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп чулуужсан түлшний хэрэглээг дэмжихийг уриалж байгаа. Гэсэн хэдий ч сэргээгдэх эрчим хүчний өртөг буурч буйгаар цаашид ч тус улсын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өсөх төлөвтэй гэж судлаачид үзэж байна.