E-Sight
Эрчим хүч экспортлох салхин станцыг Дундговь аймагт байгуулна

Эрчим хүч экспортлох салхин станцыг Дундговь аймагт байгуулна

АНУ-ын Нью-Йорк хотод “Монголын хөрөнгө оруулалтын форум 2025” зохиогдож байна. Тус форумын үеэр Эрчим хүчний реформын үндэсний хороо, UPC Renewable компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг (2025.04.29)-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. 

Энэхүү санамж бичгийн хүрээнд Дундговь аймагт 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар 2400 МВт суурилагдсан хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ. Уг төслийн зорилго нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үр ашигтай ашиглах, үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчийг бүс нутгийн зах зээлд, тэр дундаа БНХАУ руу экспортлох юм. Мөн дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх төдийгүй Монгол Улсын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах аж. 

Шадар сайд, Эрчим хүчний реформын хорооны дарга Т.Доржханд “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их боломжоо бүрэн ашиглах түүхэн алхмыг хийлээ. Бид цэвэр эрчим хүчний экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн ногоон хөгжилд хувь нэмэр оруулан, эдийн засгийн шинэ боломжуудыг нээхийг зорьж байна” гэв.

Түүнчлэн “Энэхүү түншлэл нь БНХАУ-д экспортлох төдийгүй Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, өрсөлдөхүйц үнэ бүхий цэвэр эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Бид Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулалтыг татаж, тогтвортой аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө тууштай ажиллах болно” гэдгийг UPC Renewable Asia Pacific компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Жон Сазерленд ёслолын үеэр хэлсэн байна.