E-Sight
Эрчим хүчний хэмнэлтийг Гүрж улс барилгын салбараас эхлүүлжээ

Эрчим хүчний хэмнэлтийг Гүрж улс барилгын салбараас эхлүүлжээ

Р.Оюунцэцэг
Р.Оюунцэцэг
Зочин нийтлэлч

Зүүн Европ, Баруун Азийн уулзварт, хойд талаараа Орос, өмнөд талаараа Турк, Арментай, зүүн өмнөд талаараа Азербайжан, баруун талаараа Хар тэнгистэй хиллэн оршдог Гүрж улсын эдийн засгийн амжилтын түүх эрчим хүчний реформыг зөв хийж байгаатай салшгүй холбоотой байна. Тус бүс нутагт шинэ бизнесүүд цэцэглэж, дэлхийн томоохон брэндүүд үйл ажиллагаагаа өргөжүүлж байгааг Гүржийн Худалдааны танхимын ерөнхийлөгч Крис Кларк онцлохдоо тус улсын эрчим хүчний аюулгүй, уян хатан, найдвартай эх үүсвэрүүдийн үр дүн гэжээ. Энэ түвшинд тус улс тийм ч хурдан хүрчхээгүй ажээ. Гүрж эрчим хүчнийхээ 80 орчим хувийг УЦС-аас үйлдвэрлэдэг буюу Монгол Улсын мөрөөдөөд байгаа эх үүсвэр энд давамгайлдаг. Гэвч дан усан цахилгаан станцаас өндөр хамааралтай байх нь өвлийн улиралд эрчим хүчний хомсдолд хүргэж, Орос, Азербайжан, Турк зэрэг хөрш зэргэлдээ орнуудаас цахилгаан эрчим хүч импортлоход хүргэдэг байж. Энэ бол Гүрж улс эрчим хүчний салбартаа реформ хийх болсон гол шалтгаан нь.

Тогтвортой, найдвартай эрчим хүчний хангамжийг бий болгохын тулд юун түрүүнд төрийн оролцоог бууруулж, ил тод, өрсөлдөөнт зах зээлийг бий болгож, эрчим хүчний татаасыг үе шаттайгаар халж, тарифын шинэчлэл хийн салбарыг либералчлах замаар эрчим хүчний салбартаа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах бодлого барьжээ. Энэ бодлогод хууль эрх зүйн шинэчлэлийг ч чиглүүлсэн байна. Гэвч цахилгааны үнэ нэмсэн нь иргэдийг, ялангуяа орлого багатай өрхүүдийн дургүйцлийг хүргэжээ. Өвлийн улиралд өрхүүдийн зардал улам өссөн байна. Тиймээс тогтвортой, орчин үеийн эрчим хүчний салбарыг бий болгохын тулд тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай ба ингэснээрээ гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үйлчилгээний чанар сайжирч, импортын хараат байдлыг бууруулна гэдгийг албаны хүмүүс мэдэгдэж, мэдээлсээр ирсний үр дүнд иргэдийн олонх нь эрчим хүчний аюулгүй байдал, шинэчлэлийг дэмжих болсон байна. Орон даяар эрчим хүчний хэмнэлтийн маш том ажлыг өрнүүлж, олон нийтэд хэмнэлтийн үр ашгийг таниулан, хэрэгжүүлэх нэгдсэн тогтолцоог бий болгожээ.

Эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох барилгын салбарт хэмнэлтийн тухай хууль эрх зүйн орчин бий болгож, стандарт тогтоон барилгуудыг эрчим хүчний хэмнэлтээр нь шошгожуулах санаачилгыг нэвтрүүлсэн байна.

Ийнхүү эрчим хүчний салбарын шинэчлэл нь өдгөө үр дүнгээ хэдийн өгч, хөрөнгө оруулалтыг татаж байгаа орнууд дунд дээгүүр бичигдэх болов. Эрчим хүчний реформоороо дамжуулан цэвэр эрчим хүчний салбарын хөгжлийг дэмжсэнээр эдийн засагт нь мөн эергээр нөлөөлж, сүүлийн хэдхэн жилд цэвэр эрчим хүчний салбарт 82,000 гаруй ажлын байр шинээр бий болсон байна. Тус улс 2014 онд 218 ГВт.цаг нарны эрчим хүч үйлдвэрлэж байсан бол энэ тоо 2023 онд 8103 ГВт.цаг болж өсжээ. Цахилгаан автомашины тоо л гэхэд 2014 онтой харьцуулахад 10 жилийн дотор 550 хувиар өсжээ. Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдээс гадна хэмнэлт маш үр дүнтэй болсныг дараах тоо илтгэнэ. 2014 онд 3,583 ГВт цаг эрчим хүчийг хэмнэлтээр бий болгосон бол энэ тоо 2022 онд 6,127 ГВт.цаг болж, 70 гаруй хувиар өссөн нь маш том амжилтад тооцогдож буй юм. Гүрж улс 2030 он гэхэд нийт эцсийн хэрэглээнийхээ 27.4 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавиад байна.