E-Sight
Т.Доржханд сайдад $2 тэрбум “амласан”  UPC Renewables

Т.Доржханд сайдад $2 тэрбум “амласан”  UPC Renewables

AНУ-ын Нью-Йорк хотноо “Монголын хөрөнгө оруулалтын форум 2025”-ын үеэр Эрчим хүчний реформын үндэсний хороо нь UPC Renewables компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг (2025.04.29) байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд Дундговь аймагт 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар 2400 МВт суурилагдсан хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ гэдгийг Эрчим хүчний реформын үндэсний хороо мэдээлсэн. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үр ашигтай ашиглах, үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчийг бүс нутгийн зах зээлд, тэр дундаа БНХАУ руу экспортлох зорилготой уг төсөлд хөрөнгө оруулагч UPC Renewables компанийн талаар зарим сонирхолтой мэдээллийг сонордуулъя.

UPC Renewables компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад зургаан жил болж байна. 2019 онд Сингапурын 100 хувийн хөрөнгө оруулалтаар UPC Renewables Mongolia компанийг байгуулжээ. Тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, эрх бүхий албан тушаалтан буюу Гүйцэтгэх захирал нь UPC Renewables группийн үйл ажиллагаа хариуцсан захирал, ТУЗ-ийн гишүүн Эндрю Жон Сазерленд юм. Эрчим хүчний реформын үндэсний хороотой байгуулсан санамж бичигт гарын үсэг зурсан эрхэм билээ. Харин UPC Renewables Mongolia компанийн Монгол дахь үйл ажиллагааг Б.Хүрэлбат хариуцдаг. Тэрээр Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ахлах зөвлөхөөр 2020 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дахь 15 МВт хүчин чадалтай “ЗҮ Гэгээ” нарны станцын төслийг хэрэгжүүлэгч “Нарантээг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал юм. Өмнө нь “Вестас Монголиа” ХХК-ийн талбайн инженерээр ажиллаж байсан. “Вестас Монголиа” бол дэлхийн 88 улсад салхин сэнс нийлүүлж, засвар үйлчилгээг хариуцдаг Дани улсын Vestas компанийн Монгол дахь салбар юм. Одоогоор “Сайншанд салхин парк”, “Цэций” салхин цахилгаан станцуудын турбиныг суурилуулж засвар үйлчилгээг нь хариуцдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим системд бүртгэгдснээр UPC Renewables Mongolia компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Жон Сазерленд нийт найман компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, эрх бүхий албан тушаалтан ажээ. Түүний нэр дээрх “Айдинерглобал” компани гадаад худалдаа, UPC Renewables Mongolia нь толгой компанийн үйл ажиллагаа, төслийн хөгжүүлэлт, менежментийн зөвлөгөө өгөх чиглэлтэй.

Дундговь аймгийн Адаацаг, Дэлгэрцогт сумдад “Дундговь-Бэлчээрийн нөхөн сэргээлт” төслийг хэрэгжүүлж буй юм. Харин үлдсэн зургаан компани сэргээгдэх эрчим хүчний зөвлөх үйлчилгээ, тухайн чиглэлийн тоног төхөөрөмжийн худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг байна. Түүнчлэн энэ зургаан компани нь Дундговь аймагт бүртгэлтэйгээс гадна зургаан суманд нийт 467,472 га газар ашиглах эрх 2022 онд авчээ. Энэ нь нийслэлийн Багахангайгаас бусад найман дүүргийн газар нутагтай дүйх хэмжээ юм. Тэгвэл дээрх хэмжээнээс 26.5 дахин бага буюу нийт 17,596 га талбайг манай улсад сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж буй гурван салхин цахилгаан станц ашиглаж байна.

1995 онд байгуулагдсан UPC Renewables компани Ази номхон далайн бүс нутаг дахь сэргээгдэх эрчим хүчний томоохон компаниудын нэг. Дэлхийн 5 тивд нийт 4500 МВт хүчин чадалтай нар, салхины станцыг ашиглалтад оруулсан. Зөвхөн Ази тивд гэхэд нийт 6000 МВт чадалтай нар, салхины эрчим хүчний төслийг хөгжүүлж буй гэх мэдээллийг Монгол дахь компани нь олон нийтэд түгээжээ. Мөн тус компанийн албан ёсны веб сайтад Монгол Улсад 50 МВт салхин станц, 20 МВт батарей хуримтлуур бүхий Чойр төсөл, 2000 МВт чадалтай салхин цахилгаан станцын “Говь-1” төсөл хэрэгжүүлнэ гэсэн мэдээлэл байна. Харин ямар нэгэн хугацаа, байршлын талаар тодорхойгүй.

Харин олон улсад бүрэн ашиглалтад оруулсан хамгийн өндөр хүчин чадалтай салхин цахилгаан станц нь Индонезийн “Sindap I” аж. Уг станц 75 МВт чадалтай бөгөөд долоо дахь жилдээ сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж байна. Энэ оны арванхоёрдугаар сараас хэтрэхгүй Филиппинд 160 МВт чадалтай салхин станц бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Эхний 80 МВт блокийн барилга угсралт 2023 онд дуусжээ. Тус станц товлосон хугацаандаа ашиглалтад орвол UPC Renewables компанийн хамгийн том салхин станц болно. Ямартай ч тэд Т.Доржханд сайдад “амласандаа” хүрч чадвал компанийнхаа түүхэн дэх хамгийн өндөр хүчин чадалтай салхин цахилгаан станцыг цогцлооно. Нөгөө талаас сайд эрчим хүчний реформын хүрээнд улс төрийн дэмжлэг авах лоббиг нь дорвитойхон хийж чадвал Монгол Улс сэргээгдэх эрчим хүч экспортлох томоохон эх үүсвэртэй болох юм. Авууштай нь, UPC Renewables компанийн үйл ажиллагаа манайд аль хэдийн эхэлсэн төдийгүй ашиглах эрхтэй газраа ч бэлдчихсэн байсныг дээрх баримтуудаас харж болох юм.