Зургийн эх сурвалж: ФБ /tushka.tush
Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан түлш болон хагас кокс хэрэглэх болсонтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өнөөдөр (2025.09.09) мэдээлэл өглөө.
Ирэх 7 хоног буюу есдүгээр сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод галлагааны улирал эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд 400 борлуулалтын цэгт сайжруулсан түлш буюу мидлинг, хагас коксын худалдаа явагдана. Есдүгээр сарын 15-наас сайжруулсан түлш, 10 дугаар сарын 01-нээс хагас коксыг борлуулна. Ингэснээр иргэд хоёр түлшний сонголттой болно.
Энэ жил 40-45 мянган тонн сайжруулсан түлш, 306 мянган тонн хагас коксыг Улаанбаатарын хэмжээнд борлуулна. Одоогоор 388 борлуулалтын цэгтэй гэрээ хийсэн. Үлдсэн цэгийг ойрын хугацаанд гэрээ хийхээр байна.
Түлшний борлуулалтыг засмал зам, явганы хүний зам дагуу хийхгүй байх зохицуулалттай. Харин 2 болон 3 дугаар гудамжаар борлуулалт хийх төлөвлөлтийг хангаж байна.
Иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа хагас коксын туршилтыг ШУА-тай хамтран Орос, Хятад, Солонгос зэрэг улсын лабораторид хийлгэсэн. Энэхүү туршилтаар сайжруулсан түлштэй харьцуулахад хүхэрлэг хий 89.2 хувь, азотын исэл 72.6 хувь, угаарын хий 24.5 хувь, нийт тоосонцор буюу PM 2.5, PM10 68 хувиар тус тус буурна гэсэн хариу гарсан.
Улаанбаатар хотын хэмжээнд 172 мянган айл өрх нүүрс түлж байна. Үүнээс хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан 15-20 мянган айл өрх нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан бүрэн хагас кокс, сайжруулсан бүрэн хангаж, түүхий нүүрс нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан.
2024-2025 оны өвөлд нийт 87 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн. Энэ нь 300 мянган тонн хагас коксын нүүрс хэрэглэсэнтэй тэнцэхүйц агаарын бохирдол үүсгэсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд ул ширэм бэхжүүлсэн аж ахуйн нэгжид нийт 130 мянган тонн мидлинг санал болгож байна. Харин сургууль, цэцэрлэгийг газ, цахилгаан руу шилжүүлэх, алсагдсан сургууль, цэцэрлэгийн ул ширмийг бэхжүүлэх ажлын хийж дууссан.
Нүүрсийг Сайн карт, Хотула аппликейшн ашиглан худалдан авах боломжтой. 12 дугаар сарын 15-наас эхлэн Сайн картын системийг халж, Хотула аппликейшн систем рүү орно.
Мидлингийн борлуулалт хуучны адил 25 кг, 3750 төгрөг, харин хагас коксын үнэ 25 кг, 5000 төгрөгөөр борлуулна.
Өнгөрсөн жил 60 мянган ухаалаг угаар мэдрэгчийг айл өрхөд суурилуулсан. Ингэснээр нэгдсэн системд шууд мэдээлэл дамжуулдаг. Айл өрхөд угаар гарсан тохиолдолд мэдэрч, холбогдох албаныхан 5-7 минутын дотор айл өрхөд очдог системийг нэвтрүүлсэн. Энэ жил 2025 оны дөрөвдүгээр сард 51 мянган өрхийг холбосон. Есдүгээр сард дахиад 61 мянган айлын холбох ажил хийгдэж байна. Энэ сарын сүүлээр Нийслэлийн төсөвт тодотгол ороход 45 мянган айл өрхийг ухаалаг угаар мэдрэгч суурилуулах хөрөнгийг оруулж ирнэ. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд гал түлдэг 172 мянган айл өрх бүрэн системд холбогдоно. Энэ өвөл угаар, угаарталтай холбоотой холбоотой нас баралтыг бууруулах зорилттой явж байна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бүрэн шийдэхийн тулд нүүрсийг халах ёстой гэсэн зорилт тавьж байна. Үүний хүрээнд газ, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх ажлыг зэрэг эхлүүлээд явж байна. Газ руу шилжүүлэх ажлын нэг нь байгалийн хий, нөгөөх нь шингэрүүлсэн нефтийн хий рүү шилжинэ. Байгалийн хий рүү шилжүүлэх ТЭЗҮ хийгдэж байна. Яагаад ТЭЗҮ хийж байна вэ гэхээр шугам сүлжээ, дэд бүтэц хийгдэх ёстой байдаг. Дараа жилийн дундаас эхлээд Баянзүрх дүүрэгт холболтын ажлууд хийгдэнэ.
Энэ жил шингэрүүлсэн хий буюу LPG-г 5 мянган айл өрхөд нэвтрүүлж байна. Яагаад ийм өрхийг сонгосон бэ гэхээр Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Горгаз, Юнигаз, Дашваанжил гэсэн аж ахуйн нэгжүүдийн өөрсдийн хүчин чадал ийм байна.
Газ руу шилжихийн зэрэгцээ дулаалга руу шилжиж байж хэмнэлт гаргана. Дулаан алдагдлыг багасгах зорилгоор дээрх 5 мянган айл өрхөд дулаалгын ажлыг хийж байна. Дулаалгын ажил Чингэлтэй, Баянгол дүүрэгт явагдаж байна. Эндээс 1350 айл нь гэрт амьдарч байна. Бид эдгээр өрхөд НҮБ-ын Хүүхдийн сангийн ЧИП төслийн хүрээнд дулаалга хийгдэж байгаа. Байшингийн дулаалга тендерийн дагуу явагдаж байна. Дулаалга, газ руу шилжүүлэх ажил 10 дугаар сарын дунд гэхэд дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна.
Эдгээр айл өрхийн газын хэрэглээг дэмжих зорилгоор өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн хуралдаанаас шийдвэр гарсан. Тэр шийдвэрийн дагуу газ хэрэглэдэг айл өрхөд есөн сарын хугацаанд 900 мянган төгрөг хөнгөлөлт болгон өгнө. Ингэснээр нүүрс төлдөг айл өрхийн адил төлбөр гаргах боломжтой болж байна. Газын хэрэглээг 5 мянган айл өрхөд нэвтрүүлснээр Гандан, Баянхошуу, Телевизээс гарах агаарын бохирдлын хэмжээ буурна. Нийслэлийн агаарын бохирдол буурахад 10-12 хувиар нөлөөлнө.
Хагас кокс хэрэглэснээр Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол 45-50 хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо гарсан.
Улаанбаатарын хэмжээнд 248 уур, нам даралтын зуух үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчийн 103, хувийн хэвшлийн 71, уур үйлдвэрлэгчдийн холбооны 74 зуух байна. Эдгээр аж ахуйн нэгжид түүхий нүүрс хэрэглэхгүй байх шилжилтийн хоёр жилийн хугацааг өгсөн. Төрийн нэгжүүд хийгээд явж байна. Хувийн хэвшил 10 дугаар сарын 01-нээс өмнө хийх зайлшгүй шаардлагатай. Үүнд бид хяналт тавиад явж байна.