Нийслэлийн “Дэнжийн 1000” орчмыг дулаанаар хангах зорилготой 93 МВт хүчин чадалтай хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдэгдэв. Энэхүү дулааны станцын төсөвт өртөг нь 100 орчим тэрбум төгрөг болно гэж тооцоолжээ. Үүний 20 хувийг НЗДТГ-аас санхүүжүүлж, үлдсэн санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшил гаргах аж. 2025 онд багтааж төслийн олон улсын тендерийг зарлахаар бэлтгэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулахад хамгийн тулгамдсан асуудал бол дулаан хангамж юм. 1984 онд IV ДЦС баригдсанаас хойш ганцхан Амгалангийн дулааны станцыг барьсан. Тиймээс Эрчим хүчний яамтай хамтран V ДЦС болон тархмал 10 эх үүсвэрийг барихаар ТЭЗҮ боловсруулж байна. Энэ хүрээнд Барилга угсралтын зураг төслийг “Ричвелл инженеринг” ХХК хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 170 мянган гаруй айл өрх гэр хороололд амьдарч байна. Орон сууцжуулалтаас гадна дулааны эх үүсвэрүүд хэрэгтэй учраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр ирэх онд хэд хэдэн төсөл хэрэгжүүлнэ. Тухайлбал, Дэнжийн 1000 орчмыг дулаанаар хангах 93 МВт станц, Дамбадаржаагийн станц, Хан Хиллс хотхоны баруун талын станц, V ДЦС, Эмээлтийн ДЦС зэрэг таван төсөл багтаж байна. Үүнээс гадна Зайсан, Морингийн даваа зэрэг газруудад тархмал эх үүсвэрүүд байгуулна” гэв.