"Эрчим хүчний шилжилтэд чиглэсэн мэдлэг ба туршлага" сэдэвт семинар Монгол-Японы төвд өнөөдөр (2025.10.21) боллоо.
Тус семинарт Токиогийн Шинжлэх ухааны сургуулийн профессор Тору Охара, Муроран Технологийн их сургуулийн профессор Кеничи Итакура, Японы Эрчим хүчний хэмнэлтийн төвийн Кацухико Ямамото нар илтгэл тавилаа.
Устөрөгч үйлдвэрлэх үйл ажиллагааны зардал өртгийн 82 хувийг эзэлдэг бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлснээр зардалд мэдэгдэхүйц бууруулах нөлөө үзүүлж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн талаар "Нүүрсний ашиглалтын дэвшилтэт технологи" сэдвээр илтгэл тавьсан Кеничи Итакура хэллээ.
Тэрбээр үргэлжлүүлэн "Япон устөрөгчийг стратегийн түлш гэсэн томьёолол гарган ажиллаж байна. Газар доор нүүрс хийжүүлэх технологийн онцлог байдаг. Шууд нийлэг хий, аммиак, метанол зэргийг гаргаж болдог. Тэгэхээр устөрөгч шууд үйлдвэрлэх гэхээс илүү эрэлт хэрэгцээндээ зориулж нийлэг хий, аммиак, метанол үйлдвэрлэж болно.
Монголын талаас газар доор нүүрс хийжүүлэх технологиор аммиак үйлдвэрлэх тухай Японд санал тавьдаг. Аммиак үйлдвэрлээд Япон руу тээвэрлэнэ гэдэг нь хүндрэлтэй. Тиймээс тухайн бүс нутгийн эрэлтэд зориулж түлшийг сонгон үйлдвэрлэж болох юм.
Газрын гүн дэх нүүрс хийжүүлэх технологи гүн байх тусам аюулгүй байдал хангагдана. Хамгийн гүний жишээ бол Канадад 1200 метрийн гүнд судалгаа хийсэн байдаг.
Устөрөгчийг үйлдвэрлэхэд хүрэн нүүрс хамгийн тохиромжтой. Учир нь хүрэн нүүрс чийгтэй болохоор урвалд орох боломжийг нэмэгдүүлдэг" гэв.
Семинарын үеэр ЖАЙКА "Эрчим хүчний шилжилтийг хөтлөх замын зураг ба үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл"-ийг оролцогчдод танилцуулсан. Төслийн хүрээнд Эрчим хүчний реформын үндэсний хороо, ЭХЯ, ХББОСЯ-наас гаргасан саналд авах арга хэмжээ, засах суудалд чиглэл өгчээ. Тухайлбал ЭХЯ-ны "Төвийн халаалтын систем нь газрын гүний дулааныг шахахаас илүү ашигтай гэж урьдчилсан нөхцөлийг тооцсон гэж үзэж болох уу?" гэсэн саналд "Ерөнхийд нь газрын гүний дулааныг шахах насосоос илүү ашигтай гэж хэлэгдэж байгаа. Монгол Улсын тухайд ойролцоолсон тооцоогоор бол эрчим хүчний нөөц ашиглалт нь газрын гүний дулааныг шахаж ашиглах илүү сайн гэж бодолт гарсан" гэсэн байна.
Семинарт оролцогч Японы төлөөлөгчид маргааш, нөгөөдөр МУИС, ШУТИС-ийн холбогдох тэнхимүүдтэй танилцахаар болсон аж.
