E-Sight
СЭХ: Хил давсан хамтын ажиллагааны шинэ гарц нээгдлээ

СЭХ: Хил давсан хамтын ажиллагааны шинэ гарц нээгдлээ

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооноос (MRIA) “Олон улсын шинэ эрчим хүч 2025” чуулган “Хил дамнасан цэвэр эрчим хүч” сэдвийн дор амжилттай (2025.11.20) зохион байгуулагдлаа. Энэхүү  арга хэмжээ нь сэргээгдэх эрчим хүчний салбарын бодлого тодорхойлогчид, мэргэжилтэн, шинжээчид болон бизнесийн төлөөллүүдийг нэгтгэн ирээдүйн хөгжил, боломж, хамтын ажиллагааны чиг хандлагыг хэлэлцдэг чухал индэр болдгоороо онцлог. Энэ удаагийн  чуулганаар бүс нутгийн хамтын ажиллагаа, цэвэр эрчим хүчний шийдлүүд, нүүрстөрөгчийн зах зээл, устөрөгчийн эрчим хүч, технологийн шинэчлэл зэрэг сэдвүүдийг чухалчилж, салбарын боломж, хөгжлийн төлөвийн  талаар санал солилцсон юм.  

Энэхүү арга хэмжээний хүрээнд “Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ “Өвөр Монголын Цэвэр Эрчим Хүч Үйлдвэрлэгчдийн холбоо”-той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь салбарын хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үйл явдал болов. 

Засгийн газар хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, ногоон эрчим хүчийг дэмжинэ

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд “Засгийн газрын зүгээс эрчим хүчний төслүүдийн PPA-г тодорхой болгож, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар Европын хөрөнгө оруулалтын банкнаас 1 тэрбум евро, нийт 8 их наяд төгрөгийн санхүүжилтийг хувийн хэвшилд олгоход бэлэн гэдгээ илэрхийлж, ажлууд хийгдээд эхэлсэн. Үүний үр дүнд  2 ГВт хүртэлх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг санхүүжүүлэх боломж бүрдээд байна. Түүнчлэн 30 ГВт эрчим хүч үйлдвэрлэж, дотооддоо хэрэглэх, тодорхой хэмжээгээр өмнөд хөрш орон руу экспортлох боломжийг судалж, хөрөнгө оруулалтаа баталгаажуулсан. Эхнийх нь “Ауква павер” компани 10 ГВт эх үүсвэр, нэмээд 5 тэрбум ам.долларын ногоон устөрөгчийн төслийг хамтарч хэрэгжүүлэхээр илэрхийлээд, ажлууд эхэлсэн. Cаяхан мөрөөдөл байсан зүйлс одоо бодит ажил болж байна. Засгийн газар хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, ногоон эрчим хүчийг дэмжинэ гэсэн байр сууриа илэрхийлсэн. Бидэнд урд хөрш болон зүүн тийш ч зах зээл байна”   

Дотооддоо тархмал эх үүсвэрийг хөгжүүлэхийг ЭХЗХ бүрэн дэмжиж байна 

ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун “Эрчим хүчний зохицуулах хороо цэвэр эрчим хүч тэр дундаа дотооддоо тархмал эх үүсвэрийг хөгжүүлэхийг бүрэн дэмжиж байгаа. Энэ чиглэлд  тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Эхнээсээ үр дүнгээ ч үзүүлж буй. Монгол Улс нар, салхины арвин нөөцтэй. Нөөцийг бодлогын түвшинд зохистой ашиглах ёстой. Ингэж чадвал ногоон эрчим хүчнээс ашиг хүртэх боломж бий. Цахилгааны үнэ тарифыг өртөгт нь хүргэснээр гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид эрчим хүчний салбарыг сонирхож эхэлсэн. Миний хувьд саяхан Хятад улсад болсон карбоны зах зээл, ногоон хөрөнгө оруулалтын хуралд оролцоод ирсэн. Энд яригдсан нэг чухал зүйл нь Хятад улс ногоон эрчим хүчний гадаад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэсэн байр суурьтай байна.   Тиймээс хувийн хэвшлүүд, бизнес эрхлэгчдээ тодорхой хэмжээнд дэмжвэл, ногоон хөрөнгө оруулалт татах боломж байна”   

Монгол Улс тэгш, хүртээмжтэй ногоон эрчим хүчний шилжилт хийх зайлшгүй шаардлагатай

НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Монгол Улсад асар их нөөц, боломж бий. Энэ нөөцийг ашиглахад зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн Монгол Улс тэгш, хүртээмжтэй ногоон эрчим хүчний шилжилт хийх зайлшгүй шаардлагатай. Үүнийгээ ч Бразилд болсон COP30 уулзалтаар Үндэсний тодорхойлсон хувь нэмрээ шинэчлэн танилцуулж, уур амьсгалын зорилтоо биелүүлнэ гэдгээ Монгол Улс дахин илэрхийлсэн. Мөн эрчим хүчний салбарт тарифын шинэчлэл, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах зэрэг реформ  хийгдэж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чухал нөхцөл болж байна. НҮБХХ-өөс Монгол Улсад “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ”-г боловсруулж, ногоон эрчим хүчнийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна” хэмээн онцоллоо. 

Энэхүү чуулганы нэгдүгээр хэсэг Хил дамнасан цэвэр эрчим хүчний бодлого ба бүс нутгийн хамтын ажиллагаа сэдвийн дор өрнөж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, Ногоон эрчим хүчний ирээдүйн төлөөх Хятад-Монголын хамтын ажиллагаа, Grid Forming шийдлээр нүүрстөрөгчийн шилжилтийг хурдасгах нь зэрэг сэдвээр тус тус илтгэл танилцуулсан юм. Харин хоёрдугаар хэсэг Шинэ технологи ба хувийн хэвшлийн үүрэг сэдвийн дор зохион байгуулагдлаа. Энэ хэсэгт Монгол Улсад устөрөгчийн эрчим хүчний боломж, Нүүрснээс бага нүүрстөрөгч рүү - Олон нийтийн барилгууд дахь GSHP шийдлийн жишээ зэрэг сэдвээр сонирхолтой илтгэлүүдийг хүргэв. Чуулганы төгсгөл хэсэгт Тэгш хүртээмжтэй шилжилт ба шилдэг туршлагын талаар илтгэлүүдийг танилцуулсан юм. Тухайлбал, Монгол Улсын Тэгш Хүртээмжтэй Эрчим Хүчний шилжилтийн Хүрээ, BestGER ногоон барилгын гэрчилгээний тогтолцоо, Шилдэг туршлага ба тулгамдсан бэрхшээлүүд зэрэг шинэ, шинэлэг мэдээ мэдээлэл, боломжуудыг ярилцлаа.  

Ийнхүү төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд ижил зорилгын төлөө нэгдэж, эрчим хүчний салбарт тулгамдаад буй эрсдэлийг бууруулах, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон шилжилтийг зөв зохистой, шударга байдлаар хийх тухай асуудлыг хөндсөн юм. Энэ удаагийн чуулганаар зөвхөн асуудал ярих бус бодит шийдэл, хамтын ажиллагааны шинэ түвшний эхлэлийг тавихыг оролцогдчид чухалчиллаа.