E-Sight
Мори Таро: Японд эрчим хүчний хэмнэлттэй байшинг татаасаар дэмждэг

Мори Таро: Японд эрчим хүчний хэмнэлттэй байшинг татаасаар дэмждэг

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Японоос Хоккайдо арал нь эрчим хүчний хэмнэлттэй барилгын судалгаа түлхүү хийгдсэн байдаг. Учир нь Хоккайдо бол Японы хамгийн хойд хэсгийн хүйтэн бүс нутаг юм. Хэдийгээр Монголын уур амьсгал Японтой харьцуулахад хүйтэн ч барилгын материалд үзүүлэх физикийн нөлөөлөл адилхан гэдгийг Япон Улсын Хоккайдо Их Сургуулийн профессор Мори Таро хэлж байна. 

Өнөөдөр (2025.11.27) Япон-Монголын төвд “Эрчим хүчний хэмнэлттэй сууц” сэдэвт нээлттэй семинар боллоо. Тус семинарыг МУИС-ийн Инженер, технологийн сургуулиас хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Семинарыг зохион байгуулагч тус сургуулийн дэд профессор А.Амарбаяр хэлэхдээ, “Манай сургууль “1,000 инженер” төслийн хүрээнд ээлжит нээлттэй семинарыг бүх түвшний оюутнууд, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан. Зочин судлаач Мори Таро өмнө нь 2022 онд Монголд ирж байсан. Энэ удаад УИХ-аас Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсаны дараа ирсэн нь онцлогтой байлаа. Монголын эрс тэс уур амьсгалд зориулсан дулаалгын шийдлийг МУИС-ийн Инженер, технологийн сургууль, Пассив барилгын хүрээлэнгээс янз бүрийн хэлбэрээр олон нийт төдийгүй шийдвэр гаргагчдад танилцуулж байсан. Одоо зөвхөн бодлогоор бодитой хэрэгжүүлэх үлдсэн” гэв. 

Нээлттэй семинарт “Пассив барилгын хүрээлэн” ТББ-ын дизайнер, архитектор Э.Энх-Учрал илтгэл тавьсан. Тэрбээр хэлэхдээ, “Амины орон сууцны битүүмжлэл барилга барих явцад үүсдэг. Тухайлбал полиуретан хөөсөөр тасралтгүй битүү шүрших байтал нэг хэсэг газар нимгэн, эсвэл дутаа шүршдэг, эсвэл гаднаас орж ирдэг цахилгаан, дулаан, агааржуулалтын хоолойг дутуу бөглөдөг, хаалга үүд, цонхны рамыг сайн битүүмжлэх байтал шороо тоостой орчинд нямбай ажиллаагүйгээс болж дулаан алдагдаж сийгдэг. Үүнийг явц дунд нь манайх олж тогтоон, цаашид ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө үзүүлдэг. 

Амины орон сууцанд зээл олгоход барилгын эрчим хүчний гэрчилгээ гаргадаг. Энэ гэрчилгээг барилгын зураг төсөлд үндэслэж тооцоолдог. Энэ сууц нь жилд тийм хэмжээний кВт.цаг эрчим хүчийг дулаанд зарцуулна гэж тооцдог. Гэтэл тухайн барилга барих явцад жижиг алдаанаас болж зорилтод тоонд хүрэхгүй тохиолдол гардаг. Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар гэдэг шиг арай гэж бүлээцүүлсэн барилга дулаан алдах, эсвэл хүйтэн агаар орж ирдэг. Үүнээс болж дулаан чийгтэй агаар барилгын хаших хийцийн дулаалга материалд конденсацид орж цантуулдаг. Явцдаа хөгц, мөөгөнцөр үүсгэж барилгын насжилтыг богиносгодог” гэлээ. 

Эрчим хүчний хэмнэлттэй барилга нь үнэтэй гэдэг төсөөлөл түгээмэл. Энэ бол яах аргагүй үнэн. Гэхдээ давуу талууд байгаа. Ер нь ямарваа зүйлийг зөвхөн мөнгөөр хэмжих нь зохимжгүй гэж боддог. Хүний эрүүл мэнд, амьдралын чанар, амьдарч буй байрны дотоод орчин, тав тухтай байдлыг үнэлшгүй. Японд эрчим хүчний хэмнэлттэй байшинг татаасаар дэмжих тогтолцоотой гэдгийг судлаач Мори Таро онцолж байлаа.