Олон улсад эрчимтэй хөгжиж буй чухал ашигт малтмалын салбарын ирээдүйг тодорхойлогч, дэлхийн хэмжээний гол индэр болох “Future Minerals Forum” (FMF) буюу “Ирээдүйн эрдэс форум” 2026 оны нэгдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын нийслэл Эр-Рияд хотноо тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Чухал ашигт малтмал нь хүн төрөлхтний технологийн дэвшил, ногоон шилжилт, аж үйлдвэрийн шинэчлэлийн гол хөдөлгөгч хүчин гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч буй. Үүнтэй уялдан уул уурхай төдийгүй эрчим хүч, дэвшилтэт технологи, эдийн засаг зэрэг олон салбар шинэ тутамд хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Ийм үед FMF нь бодлого тодорхойлогчид, салбарын манлайлагчдыг нэгтгэсэн, дэлхийн ашигт малтмалын салбарын ирээдүйг тодорхойлох чухал хэлэлцүүлгүүд өрнөх стратегийн ач холбогдол бүхий форум болж, эндээс гарах шийдвэр, санаачилгууд шинэ бүхний эхлэл болохоор байна.
Энэ удаагийн форумд 400 гаруй илтгэгч оролцох бөгөөд тэдний 50 орчим хувь нь FMF-д анх удаа оролцож буй нь хэлэлцүүлгийн агуулгыг улам баяжуулж, шинэ санаа, шинэ өнгө төрхийг нэмж буйгаараа онцлогтой. Түүнчлэн 100 гаруй улс орны төлөөлөл, 70 орчим олон улсын байгууллага оролцсоноор өргөн хүрээний хамтын ажиллагаа, түншлэлийг эхлүүлэх таатай боломж бүрдэх юм. Тав дахь удаагийн форумд дэлхийн өнцөг булан бүрээс 20,000 гаруй оролцогч, түүний дотор сайд нар, салбарын удирдлагууд, шинжээчид, дэлхийн томоохон уул уурхай, эрчим хүч, цахилгаан автомашин болон технологийн компаниуд, олон улсын болоод эрдэм шинжилгээ, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцоно. FMF 2026 нь олон талт, өргөн хүрээтэй хөтөлбөртэйгөөр зохион байгуулагдах бөгөөд Сайд нарын дугуй ширээний уулзалт нь форумын албан ёсны нээлтийн гол арга хэмжээ байх юм. Мөн залуус, эмэгтэйчүүдийг уул уурхайн салбарт дэмжих MinGen сургалт, инновац, технологид чиглэсэн MinValley платформ, олон улсын геологийн албадын гурав дахь удаагийн уулзалт, мэдлэг, туршлага солилцох хөтөлбөрүүд зохион байгуулагдаж, технологи болон тогтвортой хөгжлийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг танилцуулах юм.
Дэлхийн олон оронд дэд бүтэц болон хайгуулын санхүүжилтийн дутагдал нь чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд тулгарч буй гол сорилт хэвээр байна. Үүнтэй холбогдуулан FMF нь 2022 оноос эхлэн зөвхөн асуудал хөндөх бус хил дамнасан төслүүдэд олон талт хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр Дэлхийн банктай нягт хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэхүйц санаачилгуудыг хэрэгжүүлсээр байна.
Түүнчлэн “Energy Insight” сэтгүүл хоёр дах удаагаа энэхүү форумыг сурвалжлах гэж буйгаа дуулгахад таатай байна.
