E-Sight
“Мөнгө төлөхгүйгээр цахилгаан хэрэглэнэ гэж бодож байсангүй”

“Мөнгө төлөхгүйгээр цахилгаан хэрэглэнэ гэж бодож байсангүй”

Гадаа хасах 20 градус зааж байхад гэрт нэмэх 25 градус. Энэ бол сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ц.Ганхөлөгийнх. Эднийх шинэ найзтай болоод 2 гаруй сарын хугацааг өнгөрүүлжээ. Эхэндээ хэрэглэж дадахад зарим нэг асуудлууд тулгарч байсан ч одоо овоо учраа олоод, үр дүнг нь мэдрээд эхэлсэн хэмээв. 

Тэрбээр “Дүүргээс бидэнд нарны панель тавих санал тавьсан юм. Мэдээж хамгийн түрүүнд энэ эд чинь ямар ашигтай вэ гэх асуулт шүү дээ. Тэгэхэд утаа униараас сална, үнстэй зууралдахгүй. Амьдрах орчин тав тухтай болно гэдгийг хэлсэн. Алсдаа сэргээгдэхээр дулаан, цахилгаанаа шийдвэл эдийн засагт хэмнэлттэй ч байж болохоор. Эдгээрийг сонссоны дараагаар гэрийн хүнтэйгээ ярилцаад тавиулахаар шийдсэн дээ” гэв.

Ганхөлөгийнх 10:00-17:00 цагийн хооронд нарны панелиасаа дулаанаа авдаг. Харин 21:00 цагаас хойшоо цахилгааны хөнгөлөлттэй үнэд хамрагддаг байна. Эдийн засгийн хувьд өрхийн санхүүд асар хэмнэлттэй байна гэдгийг онцоллоо. Түүнчлэн “Зуны цагт нарны панелиасаа цахилгааны хэрэглээгээ бүрэн хангана. Дулааны улиралд мөнгө төлөхгүйгээр цахилгаан хэрэглэж болно гэж өмнө нь төсөөлж ч байгаагүй. Цаашлаад илүү гарсан эрчим хүчээ төв сүлжээнд нийлүүлж орлого олох боломжтой гэсэн. Мөнгө авахаасаа илүүтэй түүнийгээ хуримтлуулаад өвлийн цагт цахилгааны үнээсээ хөнгөлүүлэх нь илүү таалагдаж байгаа. Мэдээж урт хугацаандаа жилийн дөрвөн улиралд дан нарнаасаа цахилгаан, дулаанаа хангаад илүү гарснаасаа мөнгө олоод байвал авна шүү дээ” гэлээ.

Нарны систем тавиулахын тулд эхлээд гэрээ сайн дулаалсан байх хэрэгтэй. Дулаанаа алдаад байвал ямар ч нэмэргүй. Бидний зүгээс кабелийн утас авахад 600 мянган төгрөг зарцуулсан. Бусдаар нэг ч төгрөг гаргаагүй. Нарны панель суурилуулах бэлтгэл ажилд багагүй хугацаа зарцуулдаг юм байна хэмээн Ганхөлөг хэллээ.