Гэр хорооллын айл өрхүүд сард дунджаар нийт орлогынхоо 3.5-4 хувийг зөвхөн цахилгаанд зарцуулдаг бол, харьцангуй өндөр орлоготой орон сууцны айл өрхүүд ердөө 1 хувийг зарцуулдаг аж. Үүнээс үзвэл орлого багатай гэр хорооллын айл өрхүүд цахилгааны төлбөрөөс үүдэн илүү эмзэг байдалд орж, өрхийн санхүүд дарамт болж байна.
Үндэсний статистикийн хорооны 2020 оны тайланд дурдсанаар, Сонгинохайрхан дүүргийн 573, Баянзүрх дүүргийн 262 айл өрх цахилгааны эх үүсвэргүй амьдарч байна. Энэ нь гэр хорооллын айл өрхүүдэд эрчим хүчний хүртээмж хангалттай байна уу гэх асуултыг дагуулж байгаа юм. Иймд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 2024 оны жилийн эцсийн хэрэглээний судалгаанд үндэслэн, гэр хороолол болон орон сууцны айл өрхүүдийн цахилгааны хэрэглээ, түүнд зарцуулж буй төлбөрийг харьцууллаа. Нийслэлийн нийт 409 179 айл өрх төвлөрсөн цахилгаан хангамжийн сүлжээнд холбогдож эрчим хүч авч буй. Эдгээрээс гэр хорооллын 138 393, орон сууцны 259 904 айл өрх УБЦТС-нээс цахилгаан эрчим хүчээр хангагдаж байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь өрхийн амьдралын хэв маяг, цахилгаан хэрэгсэл, халаалтын шийдлээс шууд хамаардаг бөгөөд хоорондоо харилцан адилгүй байгаа юм. Гэр хорооллын нийт айл өрхийн 7.6 хувь нь хамгийн бага буюу 0-50 кВт.цаг цахилгаан хэрэглэж байгаа бол энгийн хэрэглээтэй өрхүүдийн ихэнх нь дунджаар 101-150 кВт.цаг цахилгаан хэрэглэж байна. Харин 300 кВт. цагаас дээш буюу маш өндөр хэрэглээтэй айлууд 45 хувийг бүрдүүлж буй. Нийслэлийн хэмжээнд 2023 оны байдлаар жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч 55 мянга бүртгэгджээ. Эдгээрээс өрхийн хэмжээнд үйлдвэрлэл явуулдаг айлуудын цахилгааны хэрэглээ 300 кВт.цаг хүрч байна. Тэгвэл орон сууцны нийт айл өрхийн 3.3 хувь нь хамгийн бага буюу 0-50 кВт.цаг цахилгаан хэрэглэдэг бол 9 хувь нь 300 кВт.цагаас дээш хэрэглээтэй байна. Энгийн хэрэглээний түвшинд харьцуулж үзвэл, гэр хорооллын айл өрхийн ихэнх нь 101-150 кВт.цаг цахилгаан хэрэглэдэг бол орон сууцны айл өрхийн дийлэнх нь 151 200 кВт.цаг цахилгаан хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны айл өрхүүдийн цахилгаан хэрэглээ нь гэр хорооллынхоос дунджаар 1.4 дахин өндөр байгаа юм. Мөн 0-50 кВт.цаг хэрэглээтэй гэр хорооллын айл өрхтэй харьцуулбал орон сууцныхаас 1.2 дахин их байна.

Гэр хороолол болон орон сууцны айл өрхүүдийн жигнэсэн дундаж нэгжийн үнийг харьцуулъя. Гэр хорооллын айл өрх дунджаар 30.3 кВт.цаг цахилгаан хэрэглэж 5181 төгрөг төлдөг бол орон сууцны айл өрх дунджаар 35.6 кВт.цаг хэрэглэж 5766 төгрөг төлжээ. Төлбөрийн дүнгээр харьцангуй бага зөрүүтэй боловч нэгжийн үнийг тооцоход гэр хорооллын айл өрхөд 171 төгрөг, орон сууцанд 162 төгрөг ногдож байгаа нь хэрэглээний түвшин бага байсан ч тарифын ялгаа тодорхой илэрч байгааг харуулж байна. Дундаж хэрэглээтэй буюу 151–200 кВт.цагийн ангилалд, гэр хорооллын айл өрх дунджаар 127.5 кВт. цаг хэрэглэж 30 842 төгрөг төлсөн бол орон сууцны айл өрх дунджаар 160 кВт.цаг хэрэглэний төлбөр 29 021 төгрөг аж. Энэ тохиолдолд нэгжийн үнэ гэр хороололд 147 төгрөг, орон сууцанд 165 төгрөг болж, гэр хорооллын тариф мөн л илүү өндөр байгаа нь харагдана. Тэгвэл үүнээс арай өндөр хэрэглээний 251–300 кВт. цагийн ангилалд, гэр хорооллын айл өрх дунджаар 275 кВт.цаг хэрэглэж 50 731 төгрөг, орон сууцны айл өрх 271 кВт.цаг хэрэглэж 48 148 төгрөг төлжээ. Улмаар нэгжийн үнэ гэр хороололд 184 төгрөг, орон сууцанд 177 төгрөг болж буй. Ингээд үзэхээр, бүх ангилалд гэр хорооллын айл өрхүүд илүү өндөр тариф төлж байна.
Дээр дурдсан тоо баримтуудад зөвхөн цахилгааны төлбөр багтсан. Үүн дээр нүүрсний зардлыг нэмбэл гэр хорооллын өрхүүдийн санхүүгийн ачаалал улам нэмэгдэх нь тодорхой юм. Учир нь манай улсад хүйтний улирал үргэлжилдэг таваас зургаан сарын хугацаанд гэр хорооллын айлууд тасралтгүй гал түлэх шаардлагатай болдог. Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас хэрэглэгчдийн цахилгааны тарифыг нэмснээр гэр хорооллын айл өрхүүдийн нуруун дээр ирэх эдийн засгийн ачаалал нэмэгджээ. Иргэдийн хэлснээр, тариф нэмэгдэхээс өмнө монгол гэрийг цахилгаанаар халаахад дунджаар 130-150 мянган төгрөгийн зардал гардаг байсан бол 400 мянган төгрөг хүртэл өсжээ. Харин байшинд амьдардаг өрхүүдийн хувьд цахилгаанаар дулаанаа шийдэхэд төлбөр нь 800 000-1 сая төгрөгт хүрсэн байна. Ийнхүү цахилгааны үнэ өссөн нь гэр хорооллын өрхүүдийн санхүүд бодит хүндрэл учруулж байгаа юм. Орон сууцны айл өрхүүдийн хувьд харьцангуй бага дарамт мэдрэгдэж буй. НҮБ-аас хийсэн “Эмзэг бүлгийн өрхийн цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” судалгааны тайланд дурдсанаар, орлого багатай өрхүүд нийт сарын орлогынхоо 26.7 хувийг эрчим хүчинд зарцуулдаг байна. Энэ дүнд цахилгаан болон нүүрсний зардлыг хамтад нь авч үзжээ. Харин харьцангуй өндөр орлоготой өрхийн хувьд эрчим хүчний зардал нь орлогынхоо ойролцоогоор 6 хувьд хүрдэг байна. Мөн уг судалгаанд хамрагдсан ганцаараа амьдарч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхүүд болон орлого багатай олон ам бүлтэй өрхийн 90 хувь нь эрчим хүчний төлбөр хамгийн их санхүүгийн дарамт болдог хэмээн хариулжээ. Иргэдийн саналд үндэслэн авч үзвэл, өвлийн улиралд цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэхийн зэрэгцээ бага хүүтэй, урт хугацаатай зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь бодит шийдэл болохыг онцолжээ. Ийм төрлийн дэмжлэг нь өрхүүдийг нүүрснээс хамааралгүйгээр ногоон эрчим хүч ашиглан дулаанаа шийдэх, гэр байшингаа дулаалж эрчим хүчний хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр эрчим хүчний хэрэглээ оновчтой болж, өрхийн санхүүд үзүүлэх дарамт мэдэгдэхүйц буурах ач холбогдолтой юм.
