E-Sight
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын удирдах ажилтнуудтай иргэдийн оролцоог хангах туршлага хуваалцав

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын удирдах ажилтнуудтай иргэдийн оролцоог хангах туршлага хуваалцав

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Оролцоо” төслийн тэтгэлгээр Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ, Энержи Инсайт сэтгүүл хамтран “Эрчим хүчний бодлогод оролцоог хангах нь” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нэг сарын хугацаанд 4 үе шаттай арга хэмжээгээр “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам”-ыг гол хэрэглэгч болох иргэдэд таниулах, мөн саналыг нь тусгуулж, оролцоог хангуулах тодорхой загварчлалыг бий болгохыг зорьлоо.

Энэхүү оролцооны загварыг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар туршлага хуваалцах уулзалтыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын удирдлага, ажилтнуудын дунд зохион (2026.02.28) байгууллаа. Тус арга хэмжээнд иргэдийн асуудалтай шууд харилцдаг буюу засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодын Засаг дарга нар оролцсон юм. 

“Эрчим хүчний бодлогод оролцоог хангах нь” төслийн хүрээнд иргэдийн оролцоонд суурилсан бодлого боловсруулах загварыг хэрэгжүүлэхэд Чингэлтэй дүүргийн ЗДТГ дэмжин ажилласан. Тиймээс төслийн хугацаанд журмын төсөл дээр иргэдийн бодит оролцоог хангах, журамд оруулах саналыг авах үйл явц хэрхэн явагдсан, давуу болон цаашид анхаарах асуудлын талаар дүүргийн хамт олонтой харилцан ярилцаж, мэдээлэл солилцлоо.  

Иргэдийн оролцоонд суурилсан бодлого боловсруулах загварыг танилцуулж, үе шат бүр дээрх үр дүн, анхаарах зүйлсийг багаар ажиллах, зурах, дасгал тоглоом зэрэг сургалтын оролцооны аргад суурилан арга хэмжээг зохион байгуулав. 

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Г.Энхтөгс:  

Ер нь анхан шатнаасаа иргэдтэйгээ хэлэлцэх нь хамгийн зөв юм. Иргэдийн санал бол ямар нэгэн төсөл хэрэгжүүлээд явахад хамгийн их үр нөлөөтэй байдаг. Манай Чингэлтэй дүүрэг олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ ажил ямар ач тустай байгаад, яагаад амжилттай яваад байгаа юм бэ гэхээр иргэдийн оролцоотой төслүүдээ хэрэгжүүлж байгаатай л холбоотой. Ийм учраас иргэдийн оролцоог нэн түрүүнд анхаарах нь чухал, энэ оролцоог хангах ёстой. Өнөөдрийн ийм сургалтыг зохион байгуулж, хороодын Засаг дарга нарыг оролцуулсанд Та бүхэнд маш их баярлалаа. Учир нь бид нарын яг хийж байгаа ажлыг өнөөдөр загвар болгож буй бараг анхны байгууллага гэж би ойлгож байна. Их онцлог арга хэмжээ байлаа. Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ-аас өнөөдөр биднийг хамруулсан энэхүү уулзалтаар тодорхой аргачлал, загварчлалаар иргэдийнхээ оролцоог хангах боломжийг ярилцлаа. Энэ сайн үр дүнтэй, цаашид хэрэгжих боломжтой загвар юм