Энержи Инсайт 10 кВт хүчин чадалтай, 28 кВт.цаг батарейн хуримтлуур бүхий нарны системтэй айлаас сурвалжиллаа.
Бид Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Чулуун овоод байрлах Ж.Ганхуягийн гэрт очлоо. Тэрбээр 2024 онд нарны систем суурилуулсан бөгөөд хоёр орчим жилийн хугацаанд өөрсдийн хэрэглээний эрчим хүчийг хангахаас гадна улсад эрчим хүч нийлүүлсэн 900 мянган төгрөгийн авлагатай болжээ. Гэхдээ энэхүү авлагыг нэг ч удаа аваагүй гэдгийг учирласан. Тэднийх өнгөрсөн 22 сарын хугацаанд 30.74 МВт.цаг эрчим хүч үйлдвэрлэсэн байна.
Та яагаад нарны үүсгүүр суурилуулахаар шийдсэн бэ?
Би өөрөө цахилгаанчин мэргэжилтэй хүн. 2022 онд тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарахаас өмнө гэртээ нарны эх үүсгүүр суурилуулъя гэсэн бодолтой явсан. Энэ санаж явсан бодлоо хэрэгжүүлчхээд сууж байна. Нэг бодлын нарны эрчим хүчээр үйлдвэрлэл явуулж, орлогын эх үүсвэртэй болно. Нөгөө талаас эрчим хүчний найдвартай эх үүсвэр гэдгийг бодолцож 2024 оны дөрөвдүгээр сард суурилуулсан.
Өнгөрсөн хоёр өвлийг хэр өнөтэй давсан бэ?
Энэ хугацаанд эрчим хүч тасарсангүй. Энэ жил Улаанбаатарт эрчим хүч олон удаа тасрахад манайх цахилгаантай байлаа. Гэхдээ манай шийдэл бол нарны эрчим хүчнээс гадна нам даралтын зуухаар гэрээ халаадаг. Халаалтын систем 9 кВт учраас дийлэхгүй. Тиймээс төвийн шугамтай холбогдсон хэвээр байгаа. Эрчим хүч тасрахад халаалт зогсоно. Гэхдээ насос, удирдлага, гэрэл, бусад бүх зүйл хэвийн байна. Энэ үед нам даралтын зуухыг ажиллуулж, дулааны ямар нэг тасалдалгүй хоёр дахь өвлийг давлаа.
Нийслэлээс хийн зуух суурилуулж байгаа. Танайх хийн зуухтай болбол илүү үр ашигтай байх уу?
Тэр талаар мэдээлэлгүй байна. Хийн зуухтай болбол хослоод сайн ажиллах байх. Нүүрстэй хутгалдахгүй болохоор илүү дээр болов уу.
Танайх яагаад батарейтай систем сонгосон бэ?
Манайх батарейтай байвал илүү үр ашигтай гэж тооцсон. Манай хэрэглээ өдрийн цагаар бага. Ус халаах бойлер төдий хэрэглээтэй байдаг. Нарны үүсгүүр 10 кВт.цаг үйлдвэрлэхээр илүүгээ батарейд хурааж, оройн цагаар хэрэглэнэ гэж тооцоолсон. Манайх 14 кВт.цагийн багтаамжтай хоёр батарейтай байна.
Биднийг ингэж ярилцах зуур хяналтын дэлгэц дээр 12:03 цагийг заасан байна. Энэ үед нарны систем 7.78 кВт.цагийн үйлдвэрлэл явуулж, өөрсдийн хэрэглээнд 0.97 кВт.цагийг авч, төвийн сүлжээнд 6.74 кВт.цагийг нийлүүлж, батарей 98 хувийн дүүргэлттэй байв.
Нарны систем суурилуулснаас хойш ашигтай байж чадсан уу?
Энэ хугацаанд бараг эрчим хүчний төлбөр төлсөнгүй. Өнөөдөр гэхэд улсаас 900 мянга гаруй төгрөгийн авлагатай явж байна. Өвлийн 1-2 дугаар сард хэрэглээний төлбөр 120-130 мянган төгрөг гардаг. Үүнийг авлагаас хасдаг. Харин дөрөвдүгээр сараас эхлэн хүйтрэх хүртэл дан авлага үүсдэг.
Таны хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрчим хүч улсад нийлүүлсэн авлага авсан удаа байна уу?
Авлагыг тодорхой хугацаанд авах журамтай байдаг гэж сонссон. Түүнээс бодитоор авч байгаагүй.
Танайх нарны үүсгүүр суурилуулах санхүүжилтийг хэрхэн шийдсэн бэ?
Манайх санхүүжилтийн тодорхой хэмжээг урьдчилан өгч, үлдсэн хэсгийг тэтгэврийн зээл, тэтгэврийн зээлийн үлдэгдлийг Төрийн банкны 1 хувийн ногоон зээл рүү шилжүүлснээр санхүүжилтийг шийдсэн.
Анх суурилуулахдаа хэр хугацаанд зардлаа нөхнө гэж тооцоолсон бэ?
Найман жилийн хугацаанд гаргасан зардлаа нөхнө гэж тооцсон.
Нарны систем суурилуулахад айл өрхүүд юунд анхаарах хэрэгтэй вэ?
Өөрсдийн хэрэглээг сайн тооцоолж, төвийн шугамд нийлүүлэх, нийлүүлэхгүй, батарейтай, батарейгүй гэдгийг бодолцож суурилуулах нь зөв болов уу. Мөн барилгын дулаан алдагдалгүй байвал нарны систем өндөр ашигтай байх боломжтой.
Ярилцсанд баярлалаа.
