E-Sight
“Сэргээгдэхийг сэргээх" залуус ба багш нар

“Сэргээгдэхийг сэргээх" залуус ба багш нар

Нар, салхины нөөц ихтэй Монгол орны хувьд сэргээгдэх эрчим хүч өндөр түвшинд хөгжих боломж өндөр гэж үздэг. Харин энэхүү боломжийг бодит биелэл рүү алхам алхмаар ойртуулж буй хүмүүс бол сэргээгдэх эрчим хүчний инженер, техникийн ажилчид юм.

“Саалиа бэлдэхээс саваа бэлд” гэх ардын үгэнд дурдсанчлан Налайх болон Дархан политехник коллежид Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн ангиуд нээгдсэн сайхан мэдээг дуулгая. Дээрх хоёр коллежид шинэ мэргэжлээр анхны элсэлтүүдийг авахын тулд танхимын тохижилт, сургалтын орчин бүрдүүлэх шаардлага тулгарсан тул эдгээр коллежид сэргээгдэх эрчим хүчний чадамжийн төвүүдийг байгуулжээ.

Чадамжийн төвүүд нь мэргэжлийн чиг баримжаа олгох, төрөлжсөн сургалт явуулах, богино хугацааны мэргэжлийн сургалт зохион байгуулах, дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох багш, сурагчдыг бэлтгэх, ур чадварыг үнэлэх зэрэгт давуу талтай. Тоног төхөөрөмж, сургалтын орчин нь орчин үеийн стандартад нийцсэн бөгөөд тухайн мэргэжлийн ажлын байртай дүйцэхүйц байдгаараа онцлогтой.

Эдгээр төвүүд нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) болон Австрали Улсын Гадаад Хэрэг, Худалдааны Яам (DFAT)-ын хамтарсан санхүүжилтээр, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) болон Монгол Улсын Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт II” төслийн хүрээнд байгуулагджээ. Төслийн зорилтын нэг хэсэг нь Дархан, Налайх политехник коллежид сэргээгдэх эрчим хүчний чадамжийн төв хөгжүүлж, мэргэжлийн чадвар бүхий эрчим хүчний мэргэжилтнүүдийг бэлтгэхэд оршиж байна.

Ирээдүйн мэргэжилтнүүд

Э.Ганхөлөг нь Налайх политехник коллежийн техникийн боловсрол хөтөлбөрийн 1.5 жилийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн ангийн суралцагч юм. Тэрээр суралцахын зэрэгцээ нарны системийн угсралт, суурилуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг “Рентек” ХХК-д ажилладаг. Түүний хамт 19 оюутан мөн ажиллангаа суралцаж байгаа нь ангийн онцлогийг тодорхойлж байна. Учир нь энэ анги нь цахилгаанчны суурьтай элсэгчдээс бүрдсэн бөгөөд шалгуур ч ийм.

Э.Ганхөлөг, “Байгальд ээлтэй төдийгүй “мода” болж буй чиглэлээр өөрийгөө сорьж байна. Маш сонирхолтой байгаа. Дээрээс нь мэргэжлийн маань эрэлт улам нэмэгдэнэ гэж боддог. Мөн сургууль дээрээ чадамжийн төвтэй болсноор бодит орчинд дадлага хийж, мэдлэгээ тэлэх боломж бүрдсэн. Дан онол үзээд байвал ажлын байранд гарахад хүндрэлтэй” хэмээн ярилаа.

Суралцагчид мэргэжлийнхээ чиглэлээр ажиллах нь сурахад ч, ажиллахад ч давуу тал болдог. Үнэндээ энэ ангийн, энэ сургалтын, энэ мэргэжлийн гол давуу тал нь чадамжийн төвд тоног төхөөрөмж дээр дадлага хийж, онолыг ажлын байрандаа бататгах боломжтойд оршиж байгаа юм.

Дархан политехник коллежийн Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн мэргэжлийн боловсролын ангийг зорин ирсэн суралцагч бол Б.Энхбилэг. Тэр багаасаа инженер болохыг мөрөөддөг байсан бөгөөд нийгмийн сүлжээнээс анх хөтөлбөрийн талаарх мэдээллийг аваад, ээж аавдаа хэлэхэд дуртайяа дэмжсэн байна. 

Б.Энхбилэг өөртэйгөө адил есдүгээр ангиа төгсөөд сэргээгдэх эрчим хүчийг сонирхож, мөрөөдөж, дурлаж сонгосон 32 сурагчтай ангид суралцдаг. Тэр хэлэхдээ: “Эрчим хүчний салбарт эмэгтэй хүн ажиллаж болохгүй, эмэгтэй хүүхэд энэ чиглэлээр суралцаж болохгүй гэсэн ойлголт байхгүй. Манай улсад сэргээгдэх эрчим хүч хөгжих боломж, ирээдүй бий гэж боддог. Тиймээс охидыг энэ чиглэлээр суралцаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

Б.Энхбилэгийн ангид түүнтэй нийлээд зургаан охин суралцдаг бөгөөд ангийнхан гурван жилийн дараа мэргэжлийн боловсролын үнэмлэх болон бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй коллежоо төгсөх юм.

Багшийн эрдэм шавьд

“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт II” төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний ангиудад хичээл заах багш нарыг мэргэшүүлэх ажлыг хамгийн түрүүнд эхлүүлжээ. Налайх, Дархан политехник коллежийн багш нарыг өнгөрсөн оны зургаа болон наймдугаар сард ШУТИС-д 14 хоногийн сургалтад хамруулсан байна. Тэдний ихэнх нь цахилгаан суурьтай багш нар байсан ч шинэ чиглэлд амжилттай хөрвөн суралцжээ.

Наймдугаар сарын сургалтын үеэр багш нар Налайх политехник коллежид 3 кВт чадалтай нарны систем угсарч, холболт, суурилуулалт хийсэн нь нэг ангийн гэрэлтүүлгийг бүрэн шийдсэн байна. Дарханд ч ижил системийг туршиж ажиллуулжээ.

Уул уурхайн цахилгаанчин мэргэжилтэй ч сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэргэшиж байгаа багш Н.Батзаяа: “Манай Дархан политехник коллежид анх удаа сэргээгдэхийн чиглэлээр анги нээгдсэн ч элсэлт маш сайн байлаа. Эцэг эхчүүд, сурагчид мэдээлэл сайтай байна. Тиймээс урам зориг авсан. Дээрээс нь төр-хувийн хэвшлийн түншлэл төслийн хүрээнд аравдугаар сард Вьетнам улсын дөрвөн коллежтой танилцаж ирээд сэргээгдэхийн ганц кабинет хангалтгүй гэж бодсон. Тэгээд төслийн хүрээнд тохижуулсан чадамжийн төвөө хоёр төв болгон өргөжүүлсэн. Нэг нь нарны эрчим хүчний, нөгөө нь ус, салхины эрчим хүчний төв. Сургалтын орчин, хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж зэрэг нь сурагчдын идэвхийг ихээр нэмэгдүүлдэг. Тэр ч утгаараа манай чадамжийн төв сурагчдад маань итгэл, урам зориг өгч сонирхлыг нь татдаг. Багшаа, бид нар “сэргээгдэхийг сэргээнэ ээ”, бид чадна гэдэг юм” хэмээн сурагчдаа өхөөрдөн ярьсан.

Багш нарыг чадавхжуулах ажил одоо ч үргэлжилж байна. “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт-II” төслийн хүрээнд Герман улсын RENAC компаниас зөвлөх үйлчилгээ авч буй. Тус компанийн зөвлөх Фоүзи Табэт арванхоёрдугаар сард Монголд ирэхдээ политехник коллежийн багш нар, төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн гээд олон талын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл авчээ. Энэ нь манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт шаардлагатай хүний нөөцийн чадавх, хувийн хэвшил буюу ажил олгогчдын “хүсдэг” мэргэжилтэн, багш нарт хэрэгцээтэй ур чадварыг тодруулахын тулд байсан юм.

Үүний үр дүнд хоёрдугаар сард 12 багш, хувийн хэвшлийн хоёр төлөөлөлд нарны эрчим хүчний ахисан түвшний сургалт, заах арга зүйн олон аргыг танилцуулсан байна. Сургагч багшийн үнэлж байгаагаар багш нар нарны эрчим хүчний ерөнхий мэдлэг, тоног төхөөрөмжийг заах арга зүйг маш сайн эзэмшжээ.

Сургагч багш Фоүзи Табэт “Оролцогчид бүрэн ирцээр хамрагдсанд баяртай байна. Багш нар нарны эрчим хүчний талаарх ерөнхий ойлголт мэдлэг, тоног төхөөрөмжөө сурагчдадаа заах арга зүйг маш сайн эзэмшсэн гэж үзэж байна. Мөн Монголын политехник коллежуудад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр техникч бэлтгэж байгааг сайшааж байна. Яагаад гэвэл шинэ зүйл эхлүүлэхэд техникчийн үүрэг оролцоо маш чухал. Инженерүүд хэрэгтэй, гэхдээ үндсэн ажлуудыг техникчид хийдэг. Дээрээс нь дадлагын орчин сайн тоноглогдсон нь талархууштай. Цаашид энэ чиглэл улам өргөжих боломжтой нь харагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Ийнхүү багш нарыг хөгжүүлэх, мэргэшүүлэх ажил цаашид ус, салхины эрчим хүчний чиглэлийн сургалтуудаар үргэлжлэх юм.

Энэхүү сургалтад хамрагдсан Дархан политехник коллежийн багш Г.Равжаа “Яг одоо эрэлт нь улам бүр нэмэгдэж байгаа шинэ мэргэжлийн хичээл заах болсондоо баяртай байна. Оюутан сурагчдадаа сэргээгдэх эрчим хүчийг өдөр тутмын амьдралдаа ашиглахын зэрэгцээ эдийн засгийн үр ашигтай ажиллуулах чадвар эзэмшүүлэхийг зорино. Герман багшийн сургалтаас олон шинэ заах арга зүйг суралцсан” гэлээ.

Хувийн хэвшлийн оролцоо ч чухал

Сургалтад хувийн хэвшлийг төлөөлөн нарны системийн угсралт, суурилуулалтын чиглэлээр ажилладаг “Рентек” ХХК-ийн Д.Рэнцэндорж захирал инженерийн хамт оролцжээ. Ингэснээр гадаадын эксперт багш нар Монголын нөхцөл байдлыг илүү сайн ойлгож, ажлын байранд ямар хэрэгцээ байдаг талаар багш нартаа танилцуулахад дөхөм болсон байна. Сэргээгдэх эрчим хүчний техникч бэлтгэх хөтөлбөрт төсөл эхлэх үеэс нь эхлэн оролцсон бөгөөд хоёр оюутан нь “Рентек” компанид ажилладаг байна. 

Д.Рэнцэндоржийн ярьснаар: “Сургалтын үеэр багш нараа дагуулаад барилга, талбай дээр нарны системийн угсралт хийх бодолтой байна. Энэ жилийн хувьд нарны системийн ажлууд өвөл огт зогссонгүй. Эрэлт хэрэгцээ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Нарны эрчим хүчийг зөвхөн өрхийн түвшинд бодох нь хангалтгүй. Сум, аймаг, орон нутгийн хэрэгцээг шийдэхэд төр бодлогоор дэмжиж байгаа энэ цаг мөчид политехник коллежууд сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн бэлтгэж буй нь өндөр ач холбогдолтой” гэв.

Мөн Налайх, Дархан политехник коллежид орчны тохижилтыг хийсний дараагаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн ангийн элсэлт авсан байна. Эхлээд хүртээмжтэй орчны үнэлгээг хийж, ажлын зургийг гаргуулснаар сургуулийн нэгдүгээр давхарт хөгжлийн бэрхшээлтэй хүн саадгүй нэвтрэх налуу зам, зориулалтын ариун цэврийн өрөө зэргийг тохижуулжээ. Үүний үр дүнд наймдугаар сард чадамжийн төв дээр нарны системийн угсралт, суурилуулалтын богино хэмжээний сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулсан байна.

Сургалтын орчин, чадамжийн төвийн тохижилт, багш нарын сургалт гээд бүх ажил амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт “Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл” чиглэлээр олон улсын стандарт шаардлагад нийцсэн хосмог сургалтын хөтөлбөр иж бүрнээр хэрэгжих боломж бүрдэж байна. Энэ бүхний суурь нь чадварлаг, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд зориулагдсан чадамжийн төвүүд бөгөөд энд дурдсан бүхэн зөвхөн эхлэл юм.

Сэргээгдэх эрчим хүчний техникч, мэргэжилтнүүд болон тэдгээрийг бэлтгэж буй сурагчид эрчим хүчний салбарын салангид байгаа салаа мөчрүүдийг цэцэглүүлж, удахгүй “сэргээгдэхийг сэргээх” цаг ирэх нь гарцаагүй.