E-Sight
Баянхонгор аймгийн Эрчим хүчний төлөвлөлтийн нийтийн сонсголоос гарсан санал, зөвлөмжийг аймгийн ИТХ, Засаг даргад хүргүүллээ

Баянхонгор аймгийн Эрчим хүчний төлөвлөлтийн нийтийн сонсголоос гарсан санал, зөвлөмжийг аймгийн ИТХ, Засаг даргад хүргүүллээ

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оролцоо” төслийн хүрээнд Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл болон Энержи Инсайт сэтгүүл нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Баянхонгор аймгийн Эрчим хүчний төлөвлөлтийн асуудлаарх нийтийн сонсгол амжилттай (2026.05.01) зохион байгуулав. 

Монгол Улсад анх удаа төлөвлөлтийн сонсгол болсноороо онцлог юм. Энэхүү арга хэмжээнд Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч С.Ариунболд зочин төлөөлөгчөөр оролцож, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батсуурь, аймгийн Засаг дарга Э.Энхбат, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Засаг даргын зөвлөхүүд, аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлага, холбогдох хэлтэс, агентлагийн дарга нар, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар, хурлын төлөөлөгчид, Баянхонгор сумын удирдлагууд, багийн Засаг дарга нар болон иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, салбарын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 308 оролцогч оролцож, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн талаар санал бодол, байр сууриа илэрхийллээ. Мөн шинжээчээр Монгол Улсын зөвлөх инженер С.Цэцгээ, Б.Батлхагва нар оролцож, мэргэжлийн байр суурь, санал зөвлөмжөө хуваалцсан.   

Мөн орон нутгийн болон нийслэлийн нийт долоон хэвлэл мэдээллийн байгууллага сонсголын үйл ажиллагааг шууд дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэж ажилласан нь олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм.

Сонсголын үеэр танхимаар 11 асуулт, 6 санал, цахимаар 32 асуулт ирүүлсэн бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдээс гаргасан санал, асуултыг агуулгын хувьд нэгтгэн дүгнэхэд дараах асуудлуудыг онцлон хөндсөн байна. Үүнд:
-    Агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх;

-    Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт, өргөтгөлийг эрчимжүүлж, өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг хангах нэмэлт эх үүсвэр байгуулах;

-    Иргэд, аж ахуйн нэгжийн эдийн засгийн чадавх, төлбөрийн боломжид нийцсэн үнэ тариф, санхүүгийн бодлого хэрэгжүүлэх;

-    Аймгийн төвийн хот байгуулалт, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдсан эрчим хүчний төлөвлөлт хийх;

-    Сэргээгдэх эрчим хүчний салбарт уул уурхайн болон бусад аж ахуйн нэгжийн оролцоо, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх;

-    Эрчим хүч, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;

-    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмжийг бодлого, үйл ажиллагаанд тусгах;

-    Сэргээгдэх эрчим хүчний салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх тогтолцоог хөгжүүлэх;

-    Иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, эрчим хүчний хэмнэлт, ногоон хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлэх зэрэг санал, зөвлөмжүүд багтжээ.

Нийтийн сонсголын дараа сонсгол зохион байгуулсан Ажлын хэсэг оролцогчдоос гаргасан гол санал, шүүмжлэл, зөвлөмж, байр суурийг нэгтгэн боловсруулж, сонсголоос  гарсан санал, зөвлөмжүүдийг Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллага, шийдвэр гаргах түвшинд хүргүүллээ. Ингэснээр Баянхонгор аймгийн эрчим хүчний цаашдын бодлого, төлөвлөлт, төсөл, хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд тусгуулахаар төлөвлөж байгаа юм. 

Сонсголын дараах ажлын хүрээнд ирц, бүртгэл, тэмдэглэл, аудио бичлэг, илтгэлийн материал, саналын хуудас, гэрэл зураг болон бусад холбогдох материалыг нэгтгэн боловсруулж, сонсголын албан ёсны тэмдэглэл, протокол, дүгнэлт, зөвлөмжийн баримт бичгийг боловсруулж байна. Сонсголын тэмдэглэл, холбогдох материалыг хууль, журмын дагуу тав хоногийн дотор олон нийтэд мэдээлэх юм. Бүх баримт материалыг архивын шаардлагад нийцүүлэн хадгалах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  

Энэхүү нийтийн сонсгол нь эрчим хүчний салбарын бодлого, төлөвлөлтөд орон нутгийн иргэдийн оролцоог хангаж, бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан санал, шийдлийг хэлэлцсэнээрээ онцлог бөгөөд цаашид олон нийтийн оролцоонд суурилсан бодлого боловсруулах шинэ жишиг болж байгааг оролцогчид онцолж байлаа.