E-Sight
Сэргээгдэх эрчим хүчний салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ур чадварын сургалт боллоо

Сэргээгдэх эрчим хүчний салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ур чадварын сургалт боллоо

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

“Эрчим хүч ба нарны цахилгаан системийн суурь ойлголт, суурилуулалт ба засвар үйлчилгээ” сэдэвт 40 цагийн чадамжийн нэгжийн сургалт 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, 10 эмэгтэйг хамрууллаа.

Тус сургалтыг ХБНГУ, Австралийн Холбооны Улсын хамтарсан санхүүжилттэйгээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төсөл, Австралийн Засгийн газрын санхүүжилттэй Азийн сангийн “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх” төсөл, "ЮРИКА" ХХК болон Налайх Политехник Коллеж хамтран “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв”-д зохион байгууллаа.

Сургалтад "ЮРИКА" ХХК-ийн “Coal to Solar” төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний систем суурилуулсан өрхүүдээс эмэгтэйчүүд болон эмэгтэй бизнес эрхлэгчдийн нийт 10 төлөөлөл хамрагдав. Оролцогчид нарны цахилгаан системийн ажиллагааны суурь ойлголттой болж, системээ бие даан хянах, энгийн гэмтлийг оношлох, суурилуулалт болон засвар үйлчилгээний анхан шатны мэдлэг, практик ур чадвар эзэмшсэнээрээ онцлог байлаа.

Сургалтыг Налайх Политехник Коллежийн сэргээгдэх эрчим хүчний мэргэжлийн багш нар болон Австралийн сэргээгдэх эрчим хүчний сайн дурын мэргэжилтэн хамтран удирдан явуулсан бөгөөд оролцогчид бодит тоног төхөөрөмж дээр ажиллаж, практикт суурилсан сургалтад хамрагдсан юм. Энэхүү сургалтын онцлох үр дүн нь оролцогчид зөвхөн өрхийнхөө эрчим хүчний хэрэглээг илүү үр ашигтай удирдах боломжтой болоод зогсохгүй, цаашид ижил төрлийн нарны цахилгаан систем дээр суурилуулалт, засвар үйлчилгээ хийх замаар нэмэлт орлого олох боломжтой. Мөн оролцогчид дараагийн шатны 120 цагийн нарийвчилсан сургалтад хамрагдан чадамжийн нэгжийн гэрчилгээ авснаар нарны цахилгаан системийн суурилуулалт, үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн түвшинд ажиллах боломжтой болох юм.


Налайх Политехник Коллеж болон Дархан Политехник Коллежид сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн шинэчилсэн хөтөлбөр “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн дэмжлэгтэйгээр 2025 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд практикт суурилсан сургалтын орчныг бүрдүүлэх, мэргэжлийн багш нарыг чадавхжуулах, богино хугацааны болон түгээн дэлгэрүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь сэргээгдэх эрчим хүчний салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, өрхийн эрчим хүчний хараат бус байдлыг дэмжих, ногоон ажлын байр бий болгох бодит алхам болж байгаагаараа ач холбогдолтой юм.