Оюу толгой компани 150 МВт хүчин чадалтай салхин цахилгаан станцыг 50 МВт батарей хуримтлуурын хамт хэрэгжүүлэхээр болжээ. Уг станц ашиглалтад орсноор Оюу толгойн эрчим хүчний нийт хэрэгцээний бараг гуравны нэгийг дангаар хангах аж.
Энэ талаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Оюу толгой дээр 130 МВт салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр гэрээний хэлэлцээр эцсийн шатандаа ороод явж байна. Ирэх зургаадугаар сард ТУЗ-дөө танилцуулж, гэрээ байгуулах зөвшөөрлөө авна гэсэн бодолтой байгаа. Монголын түүхэн дэх уул уурхайн объектод зориулсан сэргээгдэх эрчим хүчний хамгийн том төсөл. Дэлхийд ч энэ жижиг төсөл биш.” хэмээн Майнинг Инсайт сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
“Оюу Толгойн сэргээгдэх эрчим хүчний төсөл-Сэргээгдэх эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг зөвшөөрөх тухай” асуудлыг зургаадугаар сарын 18-ны өдөр хэлэлцэх урьдчилсан тов гарсан байна.
Оюу толгойн барих салхин цахилгаан станц Монголын хамгийн том ногоон эх үүсвэр болох төдийгүй манай улсын сэргээгдэх эрчим хүчний одоогийн суурилагдсан чадалтай дүйх хэмжээтэй юм.
