E-Sight
Даланжаргалан суманд 100 МВт салхин цахилгаан станц барина

Даланжаргалан суманд 100 МВт салхин цахилгаан станц барина

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн нутагт 100 МВт хүчин чадалтай “Элдэв” салхин цахилгаан станцын шавыг (2026.06.16) тавьжээ. 

Уг станц “AB solar wind” компанийн хэрэгжүүлж буй “Чойр” төслийн хүрээнд баригдах юм. Төслийн хөрөнгө оруулалт 140 сая ам.доллар бөгөөд “Элдэв” салхин цахилгаан станц жилд 375 орчим сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх тооцоо гарчээ. Мөн 40 МВт/160 МВт.цаг батарей хуримтлууртайгаар төлөвлөсөн. Энэ нь салхины хэлбэлзлийг тогтворжуулах, давтамж, хүчдэлийн чанарт дэмжлэг үзүүлэх, хязгаарлалт, тасалдлын эрсдэлийг бууруулах эерэг нөлөөтэй байна. 

Энэхүү төсөл хэрэгжснээр төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр хангах, цахилгаан эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах ач холбогдолтой. Цаашлаад жилд 2-2.5 сая тонн ус хэмнэх, хүлэмжийн хийг 400-422.5 мянган тонноор багасгах боломжтой аж. Үүгээр зогсохгүй 50 гаруй шууд, 100 орчим шууд бус ажлын байр бий болох юм.