E-Sight
Монголын эрчим хүчний салбарын түүхэнд аукционоор СЭХ-ний төслийн гүйцэтгэгчдийг сонгон шалгарууллаа

Монголын эрчим хүчний салбарын түүхэнд аукционоор СЭХ-ний төслийн гүйцэтгэгчдийг сонгон шалгарууллаа

Монгол Улсад анх удаа сэргээгдэх эрчим хүчний аукцион зохион байгуулагдаж, таван төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчдийг амжилттай сонгон (2026.06.18) шалгарууллаа. Аукционд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд төсөл хэрэгжүүлэх эрхийн төлөө нийт 19 оролцогч өрсөлдсөн юм.

Эрчим хүчний яаманд өглөөний 08:00 цагаас эхлэн санал хураалт явагдаж, 09:00 цагаас эхний төслийн аукционы дуудлага эхэлсэн. Төсөл тус бүрийн аукцион 90 минут үргэлжилсэн бөгөөд шинэ үнийн санал хэлэх 5 минутын хугацаа олгов. Нээлттэй сонгон шалгаруулалт буюу аукционд оролцогчид цахилгаан эрчим хүчний нэгж үнийг хамгийн багадаа 0.05 центээр бууруулж, хамгийн бага үнийн санал өгсөн компаниуд шалгарлаа. 

Шалгарсан компаниуд цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхтэй болно. Аукционы үр дүнд нийт 220 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.цаг хүчин чадалтай батарей хуримтлуурын систем бүхий эх үүсвэрийн төслүүд хэрэгжинэ. Эдгээр төслийн гол ач холболгдол нь өвлийн оргил ачааллаас өмнө шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулах явдал. Иймд урт хугацааны үе шаттай сонгон шалгаруулалт бус, богино хугацаанд хамгийн бага үнэ тодруулах дуудлага худалдааны загварыг сонгосон байна. Энэ төслүүд ашиглалтад орсноор Монголын хамгийн том нарны эх үүсвэрүүд болно. 

Нээлттэй аукционы үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Сэргээгдэх эрчим хүчний аукционы үр дүнд сэтгэл хангалуун байна. Монгол Улсад түүхэнд, эрчим хүчний салбарт анх удаа болж байгаа нээлттэй сонгон шалгаруулалт буюу аукцион юм. Монгол Улсын эрчим хүчний салбарын түүхэнд шинэ хуудас нээж байна. Сэргээгдэхийн тариф өндөр гэдэг ойлголтыг эвдэж чадлаа. Өнөөгийн хамгийн өндөр үнэтэй сэргээгдэхийн станц 17.3 ам.цент/кВт.цаг байгаа бол аукционы үр дүнд энэ үнээс бараг 3 дахин бага үнээр цахилгаан эрчим хүч нийлүүлэхээр болж байна” гэв. 

Төсөл 1: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Чойр” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг шалгаруулах аукционд 5 оролцогч өрсөлдлөө. Тус аукционд “Алхана трэйд” компани, 6.65 ам.цент/кВт.цаг үнээр яллаа

Төсөл 2: Булган аймгийн Орхон сумын “Булган” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг шалгаруулах аукционд 9 оролцогч бүртгүүлсэн. Үүнээс 7 оролцогч бүртгэлээ баталгаажуулсан буюу дэнчингээ байршуулж оролцлоо. Эрчим хүчний яамнаас Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарласнаас хамгийн олон оролцогч энэхүү байршилд өрсөлдсөн юм.
Энэхүү аукционд "Магнус сентурион констракшн-ZHEJIANG CHINT NEW ENERGY DEVELOPMENT CO.,LTD" компаниуд түншлэлээр, 5.95 ам.цент/кВт.цаг үнээр ялав.

Төсөл 3: Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт хэрэгжих 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын систем төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг шалгаруулах аукционд 7 оролцогч өрсөлдөв. Уг станц “Мандал” дэд станцад холбогдож Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх юм. Тус аукционд “Смарт найчурал энержи” компани, 4.85 ам.цент/кВт.цаг үнээр ялагч болов.

Төсөл 4: Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт хэрэгжих 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын систем төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг шалгаруулах аукционд 5 оролцогч өрсөлдөв. Тус станц “Хархорин” дэд станцад холбогдож Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх юм. Түүнчлэн шинээр байгуулагдах Хархорум хотын цахилгаан хангамжийн эх үүсвэр болох онцлогтой. Тус аукционд “Монхорус Интернэшнл” компани, 5.75  ам.цент/кВт.цаг үнээр ялсан.

Төсөл 5: Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт хэрэгжих 20 МВт НЦС болон 15 МВт/40 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын систем төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг шалгаруулах аукционд 5 оролцогч бүртгүүлснээс 4 нь өрсөлдөв. Тус аукционд "Ар Жей И Монголиа" ХХК болон "Runxin Capital Holdings" Co.,Ltd” компаниуд түншлэлээр, 7.8 ам.цент/кВт.цаг үнээр ялсан юм.