Хиймэл оюун ухааны хэрэглээ эрчимтэй өсөхийн хэрээр дата төвүүдийн тооцоолох хүчин чадал, цахилгаан эрчим хүч, газар болон усны хэрэгцээг нэмэгдүүлж байна. Энэ талаар Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (ОУСЭХА) КОП17 бага хурлын үеэр танилцууллаа.
Үүсгэгч хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, ажиллуулахад их хэмжээний тооцоолох хүчин чадал шаардлагатай. Үүний улмаас график процессор, үүлэн тооцооллын хүчин чадлын эрэлт нэмэгдэж, цахилгаан эрчим хүч болон дижитал дэд бүтцийн хэрэгцээг бий болж байна.
Дата төвүүдийн эрчим хүчний эрэлт өсөхийн хэрээр найдвартай хангамж, нөөц эх үүсвэрийн хэрэгцээ нэмэгдэж, үүнийг чулуужсан түлшний эх үүсвэрээр хангах эрсдэл тулгарчээ. Нөгөө талаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага үүсжээ. Тэр дундаа дата төвийг “ногоон” эрчим хүчээр хангаж байгааг зөвхөн жилийн нийт хэрэглээ, үйлдвэрлэлийн хэмжээгээр тооцохоос илүү нарийвчлан авч үзэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, дата төв цахилгаан хэрэглэж байгаа тухайн хугацаанд сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэсэн эрчим хүчээр хэрэглээг нь хангаж байгаа эсэхийг харгалзах юм.
ОУСЭХА-ийн танилцуулснаар хэт том хэмжээний дата төвийн цахилгааны хэрэглээ 100 мянга хүртэлх айл өрхийн хэрэглээтэй тэнцэх, усны хэрэглээ жижиг хотынхтой дүйцэх боломжтой аж.
Дата төвүүдийн өсөлт зөвхөн цахилгаан эрчим хүчний салбарт нөлөөлөхгүй. Ийм төвүүдэд их хэмжээний газар шаарддаг бөгөөд байршлыг сонгохдоо хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үздэг байна. Тухайлбал, газрын хүртээмж, одоогийн ашиглалт, байгаль орчны шаардлагаас гадна найдвартай эрчим хүчний хангамж, сүлжээ, өндөр хурдны интернэтийн дэд бүтэц, мэргэшсэн ажиллах хүчийг тооцдог. Мөн ой хээрийн түймэр, хар салхи зэрэг цаг агаарын аюул, эрсдэлийг харгалзан үзэж байна.
2025 онд дата төвийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүч 448 ТВт.цаг хүрсэн нь дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 1.5 хувьтай тэнцэж байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлсэн. Тэгвэл энэ тоо 2030 онд хоёр дахин өсөж 945 ТВт.цагт хүрнэ гэж таамаглаж байна. Харин усны хэрэглээ 2025 онд 312-765 сая тонн байсан бол 2030 онд 9.2 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байгаа юм.
