E-Sight
Гэр хорооллын 10 мянган айлд цэвэр халаалтын систем нэвтрүүлэхийг зорьж байна

Гэр хорооллын 10 мянган айлд цэвэр халаалтын систем нэвтрүүлэхийг зорьж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд өнөөдөр “Гэр хорооллын айл өрхүүдийг нүүрснээс цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга зам” өндөр түвшний хэлэлцүүлэг (2026.08.24) боллоо. 

Үндэсний нэгдсэн санхүүжилтийн тогтолцоо (INFF)-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан хэлэлцүүлэгт төр, хөгжлийн санхүүгийн байгууллага, олон улсын түнш, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. Оролцогчид үр дүнгээ харуулсан цэвэр халаалтын шийдлүүдийг туршилтын шатнаас өргөн хүрээнд нэвтрүүлэх боломж, арга замын талаар санал солилцов. Мөн агаарын бохирдол, нүүрсний хэрэглээг бууруулахын зэрэгцээ гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүч, цэвэр халаалтын шийдэлд үе шаттай шилжүүлэх болоод одоо хэрэгжиж буй төслүүдийн үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд хэлэлцсэн юм. 

Энэхүү хэлэлцүүлгийг Эрчим хүчний сайд Б.Найдалаа нээж үг хэлэхдээ, “Бид Монгол Улсын эрчим хүчний салбарт өргөн хүрээний шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байна. Засгийн газар эрчим хүчний салбарын шинэчлэлийг үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтын нэг болгон тодорхойлсон. Бидний хэтийн зорилго бол эрчим хүчний аюулгүй байдлаа бүрэн хангаж, өрсөлдөөнт зах зээлд суурилсан, экспортлогч орон болох явдал юм. Үүнд бид эрчим хүчний аюулгүй байдал ба системийн уян хатан байдал, сэргээгдэх ба нүүрстөрөгч бага ялгаруулах эх үүсвэр, хэмнэлт ба үр ашиг, ухаалаг дэд бүтэц ба инновац, засаглал ба тэгш хүртээмжтэй шилжилт гэсэн таван тэргүүлэх чиглэлээр, гурван үе шаттайгаар хүрнэ” гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан: “Цэвэр халаалтын шилжилт нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн чухал чиглэл юм. Бид эрчим хүчний хангамжийг төрөлжүүлэх, хотын дэд бүтцийг шинэчлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилтыг цэвэр халаалтын шилжилттэй уялдуулан хэрэгжүүлж байна. Гэр хороололд туршиж, үр дүнгээ харуулсан шийдлүүдийг илүү олон айл өрхөд хүргэхийн тулд Улаанбаатар хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн уялдааг ханган, энэхүү шилжилтэд манлайлан оролцох болно” гэсэн юм. 

НҮБ-ын Туслах Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБХХ-ийн Туслах захирагч бөгөөд Бодлого, хөтөлбөр хариуцсан захирал Маркос Нето: “Эрчим хүчний шилжилт гэдэг нь зөвхөн сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай ойлголт биш юм. Энэ нь байгаль, экосистемд үзүүлэх дарамтыг бууруулахын зэрэгцээ иргэдийн сайн сайхан амьдрал, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих өргөн хүрээний шилжилт юм. Монгол Улс дотооддоо хөгжүүлсэн шийдлүүдээрээ эрчим хүч, уур амьсгал, газар, хүний хөгжлийн зорилтуудыг нэг дор уялдуулах боломжтойг харууллаа. Одоо эдгээр шийдлийг өргөн хүрээнд нэвтрүүлэхэд шаардлагатай бодлогын орчин, санхүүжилт, түншлэлийг бүрдүүлэх нь чухал байна” гэдгийг онцлов.

Хэлэлцүүлгийн гол сэдэв болох “Нарны илч” (Solar Facility) санаачилга нь төрийн санхүүжилт, хувийн хөрөнгө оруулалт, олон улсын уур амьсгалын санхүүжилтийг хослуулсан холимог санхүүжилтийн механизмаар Улаанбаатар хотын гэр хорооллын 10,000 гаруй айл өрхөд цэвэр халаалтын шийдэл хүргэх зорилготой билээ. 

Иймд Монгол Улсад хөгжүүлж, туршин хэрэгжүүлсэн нарны эрчим хүчинд суурилсан халаалтын системийн үр дүн, туршлагад үндэслэн энэхүү шийдлийг өргөн хүрээнд нэвтрүүлэх тогтвортой санхүүжилтийн загварыг бүрдүүлэхээр зорьж байна.

Хэлэлцүүлгийн төгсгөлд үр дүнгээ харуулсан цэвэр халаалтын шийдлүүдийг өргөн хүрээнд нэвтрүүлэхэд шаардлагатай түншлэл, хөрөнгө оруулалтыг урагшлуулах, COP17-ын хүрээнд эхэлсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг уриаллаа. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ хотын тогтвортой хөгжлийг дэмжиж, иргэд, байгаль орчинд бодит үр өгөөж бий болгоход чухал ач холбогдолтой юм.