Олон Улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA)-ийн Сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хурдасгах зорилготой Үйл ажиллагааны (Coalition for Action) эвслийн гишүүнээр Монгол Улсаас анхлан “Санержи Солюшн” компани элсжээ.
IRENA нь сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг туршлага солилцох зорилготой байгууллага юм. Тэр дундаа IRENA Coalition for Action нь олон улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын оролцогч талуудыг нэгтгэх замаар дэлхийн эрчим хүчний шилжилтийг хурдасгахад чиглэсэн хамгийн том платформ билээ.
“Санержи Солюшн” компанийн тухайд сэргээгдэх эрчим хүчний мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор үүсгэн байгуулагджээ. ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Шинэ сэргээгдэх эрчим хүчний тэнхимтэй хамтран Нарны зайн системийн онол, практик хосолсон богино хугацааны сургалтыг зохион байгуулдаг. 2026 онд нийт 7 ээлжийн 120 гаруй суралцагчдад нарны эрчим хүчний системийн анхан шатны мэдлэг, ур чадварыг эзэмшүүлжээ.
Сургалтад Баянхонгор, Замын-Үүд, Баян-Өлгий, Увс, Дорнод, Хөвсгөл, Говьсүмбэр, Булган, Өмнөговь, Завхан, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ зэрэг 10 гаруй аймаг, орон нутгаас зорин ирж суралцаж сэргээгдэх эрчим хүчний мэдлэг ойлголтыг орон нутагтаа түгээн дэлгэрүүлсээр байна.
Уг сургалтын хугацаанд суралцагчид нарны системийн үндсэн ойлголт, системийн тооцоолол, тоног төхөөрөмжийн ажиллагаа, аюулгүй ажиллагаа болон зах зээл дээр ашиглагдаж буй төрөл бүрийн технологи, тоног төхөөрөмжтэй танилцаж, харьцуулан судалдаг аж. Сургалтын онцлог нь зөвхөн онол, практик мэдлэг олгоход бус, бодит зах зээл дээрх бүтээгдэхүүн, технологийн ялгаа, давуу тал, хэрэглээний онцлогийг ойлгож, хэрэглэгч болон мэргэжилтний хувьд хамгийн зөв шийдвэр гаргах мэдлэг, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэдэг байна.
