E-Sight
Toshiba Монголд хоёр төрлийн батарей хосолсон систем суурилуулна

Toshiba Монголд хоёр төрлийн батарей хосолсон систем суурилуулна

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Японы Toshiba корпорац Монгол Улсад хэрэгжүүлэх “Цахилгаан хангамжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд эрчим хүчний удирдлагын систем болон өндөр чадлын батарей хуримтлуур нийлүүлэх захиалга хүлээн авч, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг эхлүүлснээ (2026.10.23) мэдээлжээ. Уг төсөл Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжих аж. Компанийн мэдэгдэлд дурдсанаар, системийг “Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн Дарханы дэд станцад суурилуулах бөгөөд 2027 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Тухайн дэд станц Дархан, Эрдэнэт хот болон нийслэл Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг хангадаг. 

Төслийн гол онцлог нь 10 МВт нарны цахилгаан станцын үйлдвэрлэлийг зохицуулахад зориулан өөр өөр үүрэгтэй хоёр төрлийн батарейг хослуулна. Энэ нь СЭХ-ний үйлдвэрлэлийн богино хугацааны хэлбэлзлийг зохицуулах өндөр чадлын 2 МВт чадалтай 667 кВт.ц багтаамж бүхий, мөн цахилгаан эрчим хүч хуримтлуулах 2 МВт чадалтай, 15.33 МВт.ц багтаамжтай хоёр төрлийн батарей аж.

Toshiba-гийн нийлүүлэх SCiB технологийн өндөр чадлын батарей нь богино хугацаанд олон давтамжтай цэнэглэгдэж, цэнэгээ гаргах замаар нарны цахилгаан станцын үйлдвэрлэлийн хэлбэлзлийг бууруулах зориулалттай. Энэхүү эрчим хүчний удирдлагын систем (EMS) нь нарны цахилгаан станцын үйлдвэрлэл болон цахилгаан эрчим хүчний эрэлтийг урьдчилан тооцоолж, хоёр батарейн ажиллагааг уялдуулан удирдана гэж компанийн мэдээнд дурджээ. Системийг “Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн төв оффис болон Дархан дахь салбараас алсаас хянах, удирдах боломжтой юм байна.