БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Фүкан хотод 100 МВт-ын хүчин чадалтай, хайлмал давсаар дулаан хуримтлуулах технологи бүхий цамхагт нарны дулааны цахилгаан станцыг өнгөрсөн баасан гараг (2026.10.30)-т сүлжээнд холбож, туршилтын ашиглалтыг эхлүүлжээ.
Тус станц Шинжаанд цахилгаан сүлжээнд холбогдон ашиглалтад орсон хайлмал давсны технологитой зургаа дахь цамхагт нарны дулааны цахилгаан станц болж байна.
Уг станц нь 900 МВт-ын хүчин чадалтай нарны нарны цахилгаан станцтай хослон ажиллах юм. Үүний үр дүнд 1000 МВт-ын нарны дулаан болон нарны цахилгаан үйлдвэрлэлийн нэгдсэн системийг бүрдүүлжээ.
Нарны дулааны станц нь 15,697 ширхэг нар дагагч толины тусламжтайгаар нарны цацрагийг 236 метр өндөр цамхагт төвлөрүүлж, хайлмал давсыг цельсийн 565 градус хүртэл халаан дулаан хуримтлуулдаг. Хуримтлуулсан дулаанаар уур үүсгэж, турбин ажиллуулан цахилгаан үйлдвэрлэх бөгөөд найман цаг хүртэл дулаан хадгалах хүчин чадалтай юм.
Төслийн тооцооллоор 100 МВт-ын нарны дулааны хэсэг нь жилд 120 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэж, 40 мянган тонн стандарт нүүрс хэмнэн, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг жилд 140 мянган тонноор бууруулах боломжтой аж.
Эх сурвалж: people.cn
