Вьетнамын цахилгаан эрчим хүчний групп тус улсын анхны усан цэнэгт цахилгаан станц болох “Бак Ай” төслийг хэрэгжүүлж байна. Тус станц нь тус бүр 300 МВт-ын дөрвөн агрегаттай, нийт 1,200 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай байх юм.
Төслийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг 10 дугаар сарын сүүлээр Voith Hydro Shanghai болон POWERCHINA Zhongnan Engineering компаниудын консорциумтай байгуулжээ. Voith Hydro Shanghai-ийн тэргүүлсэн консорциум насос-турбин, хөдөлгүүр-генератор, автомат удирдлага, тохируулгын систем зэрэг үндсэн тоног төхөөрөмж нийлүүлэх юм.
Кханьхоа мужид барьж буй уг төслийн нийт хөрөнгө оруулалт ойролцоогоор 820 сая ам.доллар бөгөөд барилгын ажил 2025 оны хоёрдугаар сард эхэлжээ. Эхний агрегатыг 2029 оны арванхоёрдугаар сард сүлжээнд холбож, үлдсэн гурвыг 2030 онд үе шаттайгаар ажиллуулна. Төслийг бүхэлд нь 2031 оны тавдугаар сард дуусгахаар төлөвлөсөн байна.
Усан цэнэгт станц нь ачаалал багатай үед сүлжээний цахилгааныг ашиглан усыг дээд усан санд шахаж хуримтлуулна. Харин оргил ачааллын үед хуримтлуулсан усыг турбинаар дамжуулан цахилгаан үйлдвэрлэх юм. Нар, салхины станцын хүчин чадлаа нэмэгдүүлж буй Вьетнамын хувьд уг төсөл нь эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг тэнцвэржүүлж, сэргээгдэх эрчим хүчийг сүлжээнд илүү ихээр ашиглах боломжийг бүрдүүлэхээр байна.
Эх сурвалж: powerpeakdigest.com
