БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Бугат хотод 195 км урт, цэвэр устөрөгч дамжуулах хоолой өчигдөр (2026.11.19) ашиглалтад орсон байна. Энэ нь тус улсын 100 км-ээс урт анхны цэвэр устөрөгчийн дамжуулах хоолой болсон гэдгийг Синьхуа агентлаг мэдээлжээ.
Уг хоолой нь жилд 100 мянган тонн устөрөгч дамжуулах хүчин чадалтай, бүрэн хүчин чадлаар ажиллах үед нэг кг устөрөгчийн тээврийн зардлыг 13 юаниас (₮7030) гурван юань (₮1620) болгон, ойролцоогоор 77 хувиар бууруулах тооцоотой аж.
Бугат хот нь нар, салхины арвин нөөцтэй тул сэргээгдэх эрчим хүчээр ногоон устөрөгч үйлдвэрлэх боломжтой юм.
Устөрөгчийн салбарын хөгжилд тээвэрлэлт гол хүндрэлүүдийн нэг хэвээр байна. Авто тээврийн багтаамж хязгаарлагдмал, өндөр өртөгтэй бол дамжуулах хоолойд аюулгүй ажиллагааны өндөр шаардлага тавигддаг юм.
Хятад 2025 онд 39 сая гаруй тонн устөрөгч үйлдвэрлэснээр дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, хэрэглэгч болсон. Тус улс 2022 онд баталсан 2021-2035 оны устөрөгчийн эрчим хүчний хөгжлийн төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн устөрөгчийн хэрэглээг өргөжүүлэхээр зорьж байна.
