“IREEE-2024” инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, конференц (2024.05.16-18) Мишээл экспод нээгдлээ. Тус арга хэмжээг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо санаачлан USAID буюу АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, системийн үйлдвэрлэл хэрэглээ, хэмнэлтийн бодлогын хэрэгжилт, дулааны эрчим хүчний хэмнэлт, хэрэглээнд суурилсан дулааны эрчим хүчний төлбөр тооцоог нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх боломжууд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийлээ. Панел хэлэлцүүлэгт ЭХЗХ-ны Зохицуулагч П.Товуудорж, “ДҮТ” ТӨХХК-ийн Ерөнхий диспетчер Б.Баатар, “УБЦТС” ТӨХК-ийн Ерөнхий инженер Т.Мөнхболд нар оролцож “Эрчим хүчний бодлогын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ” сэдвээр ярилцаж өөрсдийн байр суурь үзэл бодлоо хуваалцлаа.
Олон улсын үзэсгэлэнд Орос, Хятадын болон үндэсний 50 гаруй компани инновац, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний үр ашигтай техник технологи, сайн туршлагыг танилцуулж байгаа бол Канад, Америкийн компаниуд онлайнаар оролцож байна.
Үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, дулааны насос, агаар сэлгэлт, ногоон зээлийн зөвлөгөө, хэмнэлттэй эко халаалтын системийн бүтээгдэхүүн, ухааоаг тоолуур, хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл, монгол гэрийн халаалтын шийдлүүдтэй тус тус танилцаж, бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах боломжтой юм.