ОУЭА: 2025 онд дэлхийд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл дээд амжилт тогтооно
Энэ жил Өмнөд Солонгосын цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрс, байгалийн хийн эрчим хүчний үйлдвэрлэлээс давжээ. Энэ нь дэлхийн чулуужсан түлшний томоохон импортлогч орны хувьд түүхэн үйл явдал гэж шинжээчид онцолж байна. Өмнөд Солонгос нь байгалийн шингэрүүлсэн хий (LNG) болон нүүрсний импортоор дэлхийд Хятад, Японы улсын дараа ордог.
Эрчим хүчний судалгааны Ember төвийн мэдээлснээр, 2024 оны эхний хагаст Өмнөд Солонгосын эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 32 хувийг цөмийн эрчим хүч, 28 хувийг нүүрс болон байгалийн хий эзэлж байна. Тус улс сүүлийн жилүүдэд томоохон цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч, ялангуяа Орос, Украины дайнаас хойш 2022 онд цөмийн эрчим хүчнээс татгалзах бодлогоос ухрав. 2022 оны гуравдугаар сард сонгогдсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол 45 орчим жилийн хугацаанд мөрдөгдөж ирсэн цөмийн эрчим хүчнээс татгалзах тухай өмнөх Ерөнхийлөгчийн бодлогыг цуцалсан юм. Шинэ Ерөнхийлөгч 2030 он гэхэд улсын нийт эрчим хүчний 30-аас доошгүй хувийг цөмийн эрчим хүчээр хангах зорилт тавьжээ.
Өнөөгийн байдлаар Өмнөд Солонгосын эрчим хүчний үйлдвэрлэлийн 3/1-ийг нийт 26 ГВт хүчин чадалтай цөмийн 26 реактор хангаж байна. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Цөмийн Аюулгүй байдлын Комисс (NSSC)-оос Korea Hydro & Nuclear Power (KHNP) компанид Сөүлийн зүүн өмнөд хэсэгт орших Өлжин хот орчим цөмийн эрчим хүчний Shin-Hanul 3, 4 реактор нэмж барих зөвшөөрөл олгожээ. Тус улс цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг сэргээснээр байгалийн шингэрүүлсэн хий (LNG) болон нүүрсний импорт болон тэдгээрийн шаталтаас үүдэлтэй утааг бууруулахад нөлөөлж буй аж. Сүүлийн жилүүдэд нарны, цөмийн эрчим хүч нь тус улсын эрчим хүчний салбарын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахад хувь нэмэр оруулж байгааг Ember-ийг мэдээнд дурджээ. "Өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээл голчлон нүүрс, хийгээр хангаж байсан тул сүүлийн хорин жилийн хугацаанд Өмнөд Солонгосын эрчим хүчний салбараас ялгарах утаа нэмэгдсэн ч 2018 онд #нарны, цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл өргөжин нүүрсийг орлох болсон " гэж Ember-ийн шинжээчид тэмдэглэжээ.
Өмнөд Солонгосын эрчим хүчний үйлдвэрлэлийн тал хувь нүүрс, хийнээс хамааралтай хэвээр байна. Гэсэн хэдий ч геополитикийн байдал хурцадсан үед эрчим хүчний аюулгүй байдлаа хангах үүднээс барууны зарим орнуудын нэгэн адил цөмийн эрчим хүчийг сонгох болсныг тус улсын цөмийн эрчим хүчний үзүүлэлт харуулж байна.
ОХУ, Украины хооронд дайн дэгдсэнээс хойш Германыг эс тооцвол Европын Холбооны орнууд болон АНУ нь эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх, түүхий эдийн хамаарлаа бууруулах боломжийг эрэлхийлж буй. Олонх нь цөмийн эрчим хүчээ түлхүү ашиглахаар сонгосон нь нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, "Цэвэр тэг" зорилгод хүрэхэд чухал ач холбогдолтой.
2023 онд Дубайд болсон COP28 уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-аас гадна 21 орон 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчний үйлдвэрлэлээ 3 дахин нэмэгдүүлэхээр амласан билээ. Тухайлбал, Их Британи, , Франц, Канад, Швед, Өмнөд Солонгос, Гана, АНЭУ зэрэг орнууд энэхүү тунхаг бичигт гарын үсэг зурсан юм.
Хэдийгээр олон жил энэ салбар уналтад орж, асар их зардалтай гэдгээрээ алдартай ч энэ цаг үед дэлхийд цөмийн эрчим хүчний салбар эргэн сэргэж байна. Цөмийн эрчим хүчний салбар сэргэснээр 2025 онд эрчим хүчний үйлдвэрлэлээр атомын цахилгаан станцууд дээд амжилт тогтооно гэж энэ оны эхээр Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгдсэн. Ирэх жил гэхэд дэлхийн цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл 2021 оны дээд амжилтаа эвдэх төлөвтэйг ОУЭА-ийн "Цахилгаан 2024" тайланд дурдан байна.
Зарим улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзан, үйлдвэрлэлээ аажмаар зогсоох, станцуудаа халж байгаа ч 2026 он хүртэл дэлхийн цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл жилд 3 хувиар өсөх таамгийг ОУЭА дэвшүүлжээ. Уг өсөлтийн гол хөшүүрэг нь Франц дахь АЦС-ын засварын ажил дуусах, Японд зарим АЦС-уудыг дахин сэргээх, Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Европт шинээр реакторуудыг ашиглалтад оруулах зэрэг болно гэж мэдээлжээ.