E-Sight
“Build Mongolia 2024” үзэсгэлэн хоёр дахь өдрөө зохион байгуулагдлаа

“Build Mongolia 2024” үзэсгэлэн хоёр дахь өдрөө зохион байгуулагдлаа

Барилга, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн салбарын 100 гаруй компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж буй “BUILD MONGOLIA 2024” үзэсгэлэн Степпе Аренад хоёр өдрийн турш үргэлжилж байна.

Үзэсгэлэнгийн эхний өдөр барилга, бүтээн байгуулалтын салбарын хэлэлцүүлэг өрнөсөн. Салбарын төлөөллүүд барилга угсралтын цаг хугацаа, хөдөлмөр зарцуулалтыг хэмнэх технологийн шийдэл болон ирээдүйд хийх төсөл хөтөлбөр сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Хоёр дахь өдөр Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, өнөөгийн байдал, хэтийн төлөвөөр үргэлжиллээ. Хэлэлцүүлэг Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс хийсэн Сэргээгдэх эрчим хүчний экспорт судалгааны ажлын танилцуулга, тархмал сэргээгдэх эрчим хүчний зах зээлийн нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн хангамж зэрэг эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийн илтгэлээр үргэжиллээ.

“Build Mongolia 2024” үзэсгэлэнд Хятад, Герман зэрэг арав гаруй орны бүтээн байгуулалтын салбарын Schonburg GMBH, Kubler GMBH, Shandong Kaweiying Metal Structure Manufacturing Co.,ltd., Jiangsu Kingertai New Material Technology Co., Ltd зэрэг компаниуд онцлох бүтээгдэхүүн, дэвшилтэт техник технологио танилцуулж байна.

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр уул уурхайн салбарын форумаар дөрөв дэх удаагийн BUILD MONGOLIA өндөрлөнө.