Шинийг эрэлхийлэгч, залуу эрдэмтэн, судлаач, санаачлагч, мэргэжилтнүүдэд зориулсан “FALLING WALLS LAB MONGOLIA-2024” форум (2024.09.27) МУИС-ийн Номын санд зохион байгуулагдаж байна. Тус форумын оролцогчид өөрсдийн шинжлэх ухаанд суурилсан инновац, шинэлэг санаа, бизнес загвар, судалгааны ажил, дэвшилтэт технологийг 3 минутад багтаан танилцуулдаг онцлогтой. Мөн гадаад улсаас өрсөлдөх боломжтой болжээ. Энэ жил уламжлал ёсоор залуу судлаачдаас гадна харьцангуй туршлагатай гэж хэлж болохоор оролцогчид цуглажээ.
МУБИС-ийн гуравдугаар түвшний оюутан, оролцогч Т.Төгсцолмон:
“Энэ форумд анх удаа оролцож байна. МУБИС-т Англи хэлний багш мэргэжлээр суралцдаг. Уур амьсгалын өөрчлөлтөд уран зургаар нөлөөлж болох тухай “Breaking the wall of passive climate engagement” сэдвээр илтгэл тавьж, судалгаа шинжилгээнд үндэслэж зохион байгуулах арга хэмжээнүүдийнхээ талаар ярилаа. Би чөлөөт цагаараа зурах дуртай учраас ижил сонирхолтой найзуудтайгаа нийлж “Бороо Арт Маркет” нийгэмлэг гэж байгуулсан. Тэгээд эх дэлхий хүмүүс бидний буруу дадал зуршил, хязгааргүй хэрэглээнээс болж яаж өөрчлөгдөж байгаа, цаг уурын өөрчлөлт ямар хурдацтай явж буйг уран зураг, гар урлалын бүтээлүүдээрээ харуулахыг зорьж байгаа. Хувь хүн ганцаараа хичээхээс илүү олуулаа нэгдэж нийлбэл шийдвэр гаргагчдын түвшинд бидний дуу хоолой хүрч чадна. Манай нийгэмлэгийн зохион байгуулах том үзэсгэлэн, эвентүүдийн тусламжтайгаар дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулна гэж найдаж байна.”
Токиогийн Гакушюин Их Сургуулийн оюутан, оролцогч Ө.Эрдэнэхүү:
“Би Япон улсаас зорьж ирж оролцож байна. Монголчууд эртнээсээ мал аж ахуй эрхлэх өндөр соёлтой, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах нарийн арга технологитой ард түмэн. Гэхдээ манай улсын иргэд сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээнийхээ 30-40 хувийг дотоодоосоо, үлдсэн хувийг нь импортоор авдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүний хувьд импортын хамаарлаас хэрхэн салах, дотоодын хэрэгцээгээ хэрхэн өөрсдийн орны үйлдвэрлэгчдээс хангаж болох тухайд “Breaking the wall of milk shortage in Mongolia” сэдэвт илтгэл тавилаа. Монгол Улсад суугаа гадаад иргэд, гадаадаас онлайнаар холбогдон оролцогч судлаачид нэмэгдсэнээрээ илүү олон шинэ санаа сонсож, туршлага судлах боломж гарч ирж байгаад баяртай байна.”
Энэхүү форумын үндэсний ялагч 11 дүгээр сарын 07-нд Берлин хотноо олон улсын финалд өрсөлдөх эрхтэй болно. Улмаар Falling Walls Science Summit-д оролцох эрхийн бичгээр шагнуулж, дэлхийн шинжлэх ухаан, бизнесийн салбарын удирдагчидтай харилцах, хамтран ажиллах боломжтой аж.