Залуу эрдэмтэн, доктор, судлаач, мэргэжилтэн, шинийг санаачлагч залуусын шинэ санаачилга, эрдэм шинжилгээний бүтээлийг олон улсын эрдэмтэд, хөрөнгө оруулагчид, бизнесийнхэнд танилцуулдаг Falling Walls Lab Mongolia’24 форум танхим болон цахим хосолсон хэлбэрээр өнөөдөр (2024.09.27) амжилттай зохион байгуулагдаж, ялагчдаа тодрууллаа.
Энэ удаагийн нээлттэй форумын эцсийн шатанд шалгарсан 13 илтгэгч тус бүр гурван минутад багтаан өөрсдийн шинэ санаачилга, саналуудыг танилцуулсан юм. Тус санаачилгуудаас сансрын микроскоп, хүнс, био бүтээгдэхүүний хөгжүүлэлт, зөөврийн спектрометр, хэрэглэгчийн зан төлөвийг бүтээгдэхүүний борлуулалттай уялдуулсан судалгаа, амжилтгүй гарааны бизнесүүдийн шалтгааныг илрүүлэх судалгаа, STEM хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зэрэг шинэлэг санааг онцолж болохоор байна. Түүнчлэн илтгэгчид өмнөх жилүүдийн илтгэлийн гол сэдвүүдийн нэгэн адил хог хаягдлыг дахин ашиглах технологи, урлагийн бүтээлээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөөллийг авчрах санал, дахин боловсруулсан ноолууран бүтээгдэхүүний хөгжүүлэлт, бохир усыг дахин цэвэршүүлэх технологийг англи хэл дээр дэлгэн танилцуулав. Эдгээр нь бүхэлдээ хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, хүн-байгальд ээлтэй, эко амьдралыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжлийн бодлогод чиглэсэн шилдэг бүтээлүүд юм.
Falling Walls Lab Mongolia’24 форумд Японоос онлайнаар холбогдож оролцсон Одбат овогтой Эрдэнэчимэг “Breaking the Wall of Biodegradable Polymer” судалгааны төслөөрөө тэргүүн байрыг эзэллээ. Ийнхүү тэрээр Монгол Улсаа төлөөлөн энэ оны 11-р сард Берлин хотноо зохион байгуулагдах Falling Walls Lab Int. Finale-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчтай өрсөлдөх эрхийг авлаа. Харин удаах байруудыг Энэтхэг улсаас оролцож буй Бикрам Барути “MICROSCOPY IN SPACE” илтгэлээрээ хоёрдугаар байр, Очирхуяг овогтой Алтантуяа “SUSTAINABLE BIOPLASTIC” судалгаагаараа гуравдугаар байрыг тус тус эзэллээ.
Форумын үеэр оролцогчид хүрээлэн буй орчны асуудлыг дэвшүүлээд зогсохгүй асуудлыг боломж болгон харж, бизнесийн эргэлтэд оруулах өөрсдийн санаачилгыг дэвшүүлсэн нь сонирхол татсан билээ.
Энэ удаагийн Falling Walls Lab Mongolia’24 форумын ерөнхий зохион байгуулагчаар Шинжлэх ухаан технологийн сан, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, Монгол Улсын Эдийн Засаг Хөгжлийн Яам, Монгол Улсын Их Сургууль; INWES - Олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбоо, MонЦаМэ агентлаг, хэвлэлийн түншээр “Energy Insight” сэтгүүл тус тус дэмжиж, хамтран ажиллалаа.
П.Баярмаа Пүрэвгэрэл
2 сарын өмнө