- Оргил ачаалалд оролцох, давтамж тохируулах, системийг сэргээх гурван горимоор ажиллах чадвартай -
Багануурын батарей хуримтлуурын станцыг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүчдэлд залгалаа. 50 МВт, 200 МВт.цаг хүчин чадал бүхий батарей хуримтлуурын станц нь Нийслэлийн 293 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригджээ. Гэрээ хийснээс хойш 2.5 сар буюу асар богино хугацаанд барилга угсралтын ажлыг амжилттай гүйцэтгэж, ашиглалтад оруулснаараа Багануурын батарей хуримтлуурын станц дэлхийд рекорд тогтоогоод байна. Энэ хугацаанд эрчим хүчний хуримтлуурын иж бүрэн 27 блок станц, 110/35 кВ-ын дэд станц, удирдлагын барилгын гүйцэтгэл, 110 кВ-ын хоёр хэлхээт ЦДАШ, 110 кВ-ын өргөтгөлийн 2 ячейк, станц руу нэвтрэх сайжруулсан зам болон станцын ус зайлуулах далангийн барилга угсралтын ажлыг цогцоор гүйцэтгэжээ.
Энэхүү станц өвлийн оргил ачааллын үеэр 20-25 мянган өрхийг цахилгаан эрчим хүчээр дөрвөн цагийн турш хангах үүрэгтэй ажиллах юм.
Харин зуны бага ачааллын үед давтамж тохируулгын горимоор ажиллах туршилт эхлүүлэхээр төлөвлөжээ. Учир нь батарей хуримтлуурын станц оргил ачаалалд оролцох, давтамж тохируулах, системийг сэргээх гэсэн гурван горимоор ажиллах чадвартай байдаг. Гэхдээ эдгээр үүргийг нэгэн зэрэг биелүүлэх боломжгүй тул нэг үүргийг нөгөө рүү шилжүүлэхдээ программчлалыг өөрчилж, тусгай тохируулга хийх шаардлагатай болдог байна.
Станц байгуулах төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Энвижн энержи” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус интернэшнл” ХХК тус тус ажиллажээ. Станцын цаашдын үйл ажиллагааг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК хариуцах юм. Одоогийн байдлаар холболт тохируулгын ажил үргэлжилж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 10- 15-ны хооронд байнгын ажиллагаанд оруулахын тулд туршилтыг богино хугацаанд дуусгахаар төлөвлөжээ.
Энержи Инсайт сэтгүүл, 2024 №06 (007)