"…Гал түлж, нүүрс, үнстэй ноцолдохгүй болохоор сэтгэл санаа хамаагүй сайхан болчихдог юм байна. Очоод яаж галаа түлнэ ээ, мөсөн хонгил болсон байгаадаа гэхээс зүрх үхдэг байсан тэр айдас үгүй болчхоор цаанаа л амар амгалан болчихдгийг их тод анзаарсан. Энэ бол миний хувьд мөнгөөр худалдаж авах аргагүй, хамгийн том өөрчлөлт байсан" хэмээн сэргээгдэх эрчим хүчээр гэрийнхээ цахилгаан болон дулааныг шийдсэн Н.Гантуяа ярьж байна.
Cонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан хэмээх хаягт 13 жил монгол гэрээ барин гурван хүүхдийн хамт амьдарч байгаа жирийн нэгэн ээж Н.Гантуяа энэ өвлийг анх удаа зуухгүй давж байгаа нь энэ. Зуух, яндангийн оронд 180 кг жинтэй, нэг халсныхаа дараа 8 цагийн турш дулаанаа хадгалдаг цахилгаан тень байрлуулжээ. Энэ тенийг халааж байгаа цахилгааны эх үүсвэр нь гэрийн гадна талд байрлуулсан, нарны эрчим хүч хуримтлуулах зургаан том хавтанд өдрийн турш хуримтлагдаж, дөрвөн ам бүлийн цахилгаан, дулааны хэрэглээг гал түлэх ямар ч шаардлагагүйгээр хангаж байгаатай танилцлаа. Хоёр ес талдаа хэдийн орчихсон, нэгдүгээр сарын 5-ны өглөөний 08:00 цагт, гадаа -15 хэмийн хүйтэн байхад хүүхдүүд гэртээ нимгэн оймс, хувцастай, тухтай нь аргагүй цэмцийгээд сууж байв. Гэрт цаг гаран ярьж суухад огт сийгэж, жиндэх юмгүй, байшин, орон сууцнаас дутахгүй тухтай орчин бүрдсэн нь таатай. "Нүүрсийг нараар" хэмээх төслийг манай улсад хэрэгжүүлж буй Ureca компани, Байгаль орчин хариуцсан яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон гэр хороололд инновацын үр шимийг хүртээж, амьдрах орчныг сайжруулах "Гэр Хаб"-аас хамтран монгол гэрийн дулаан, цахилгааныг нарны эрчим хүчээр шийдэх төслийг хэрэгжүүлж буй эхний зургаан айлын нэг нь Н.Гантуяагийнх ажээ. "Анх 13 жилийн өмнө хашаандаа буухад энд тог ч байхгүй, худаг ч байгаагүй. Дээд айлдаа мөнгө төлөөд цахилгаанаа авдаг байлаа. Айлынх тогоо залгаад юм хийхээр манай утас буудчихдаг байсан. Бээлий бахиа барьж гараад айлын хүнтэй хамжаад залгадаг байлаа.
Айлын тогийг бас буудуулчихна гэж санаа зовоод манайх цахилгаанаа их гамтай хэрэглэдэг байсан. Зэрэг юм залгахгүй байхаас эхлээд хэмнэж хэрэглээд сурчихсан. Тэгээд 2013 онд цахилгаанд холбогдож авсан" хэмээн Н.Гантуяа ярингаа яг л ийм хэмнэлттэй хэрэглээндээ сурчихсан болохоо хэлсэн юм. Харин өнгөрсөн жил эрчим хүчээр монгол гэрийн цахилгаан, дулааныг шийдэх төсөлд хамрагдах болсноор амьдралд нь олон өөрчлөлт гарчээ. Юун түрүүнд санхүүгийн хувьд хэмнэлттэй болж чадсан байна. Өмнө нь эднийх цахилгааны төлбөрт сард 40-45 мянга төгрөг төлж иржээ. Өвөл болохоор шахмал түлш түлнэ. Өмнө нь долоо хоногт таван шуудай байсан шахмал түлшний нэг айлд ногдох нормыг долоо болгож нэмснээр овоо хүрэлцээтэй болсон гэнэ. Мэдээж мод заавал нэмж авч таарна. Тэдгээрийгээ унаа хөлсөлж хүргүүлнэ гээд сардаа түлшинд дангаараа 200,000 орчим төгрөг зарцуулдаг байжээ. Энэ тухай тэрбээр "Ер нь наймдугаар сараас өдөр бүр биш ч гал түлээд эхэлдэг байсан. Хүйтэн өдрүүд нэмэгдээд ирдэг. Тухайн жилээсээ шалтгаалаад дөрөв, тавдугаар сараас л галлагаа зогсдог. Тэгэхээр ер нь л түлшний зардал гарсаар байдаг байсан" гэв.
Тэгвэл нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдснээр өнгөрсөн сард л гэхэд цахилгааны төлбөрт 98,000 төгрөг төлжээ. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн зардал нь 2.5 дахин буурсан байна. Төслийн зүгээс аппликэйшн хөгжүүлж байгаагаа удахгүй танилцуулна гэдгээ хэлжээ. Хэрэв аппликэйшн ашиглаад эхэлбэл хэрэглээнийхээ хэдэн хувийг нь нарны эрчим хүчээр хангаж байгаагаа тодорхой харж болдог болох аж. "Зун бол бүх хэрэглээгээ нарны эрчим хүчээрээ хангасан" хэмээн Н.Гантуяа хэлсэн.
Аль болох олон айл сэргээгдэх эрчим хүч ашиглавал, дор бүрдээ асуудлаа шийдвэрлэж агаарын бохирдлыг бууруулж болох юм байна гэсэн итгэл түүнд ингэж төржээ. Гадаа ямар хүйтэн байгааг ч анзаарахаа больсон гэдгээ мөн хэлээд сэтгэл санаа үнэхээр сайхан тайван болсон гэдгийг дахин дахин онцолсон юм.
Энэхүү төслийн нэг өрхөд ногдох хөрөнгө оруулалт 20 орчим сая төгрөг бөгөөд тухайн айлаас цахилгааны утсаа шинэчлэх л шаардлага тавьжээ. Гадна байрлуулсан зургаан хавтанд хуримтлагдсан сэргээгдэх эрчим хүчийг дамжуулах төхөөрөмжийг гэр дотор байрлуулсан бөгөөд цахилгаан тасарсан болон шөнө ашиглахад зориулж жижиг батерей хуримтлуур мөн байрлуулсан байна. Уг хуримтлуурын тусламжтай цахилгаан тасарсан үед хоёр цаг эрчим хүчээр хангачихдаг гэнэ. Тиймээс өнгөрсөн саруудын цахилгааны хязгаарлалтыг мэдрээгүй өнгөрөөжээ.
Ийнхүү эдийн засгаас илүүтэй гарсан том өөрчлөлт нь амьдрах тав тухтай орчин, түүнийг дагасан сэтгэл санааны байдал. "Амьдрах орчин цэвэрхэн, гал, түлээ, нүүрс гэдэг байсан цаг чөлөөтэй болчхоор хүүхдүүд хүртэл тэр цагаа өөрсдөдөө зориулаад, өөр зүйл сурч байна. Сэтгэл санаа тайван, сайхан болоод ирэхээр гэрээ хүртэл тохижуулмаар санагдаад 10 гаруй жил солиогүй байсан ширээ, сандал гээд тавилгуудаа цоо шинээр биш ч сайжруулаад явж байгаа. Өмнө нь цаанаа л нэг уур уцаартай, стресстэй байдаг байсан нь үүнтэй л холбоотой байсныг ойлгож, анзаарсан. Тийм ч болохоор энэ мэдрэмжээ олон хүнд хэлж хуваалцахыг хүсэж байгаа" хэмээн Н.Гантуяа урам зоригтой ярьж сууна. “Ээ дээ, зуухаа аваад үгүй хийчихдэг, хөхөө өвлийн хүйтэнд энэ шийдлээр явахгүй хэдэн хүүхдээ дааруулчихвал яана аа гэсэн айдас байсныг нуухгүй. Харин одоо бол ямар ч гал түлэх шаардлагагүйг мэдрээд, халаагуураа тохируулж хэрэглээд сурч байна. Цахилгааны хүчдэл унаж, өмнөх шигээ гэрэл бүдгэрсэн тохиолдол лав огт гараагүй” хэмээн тэрбээр нэмж ярилаа.