Өдөржин бүүдийсэн тэнгэрээс сая нэг бороо зүсрэхтэй зэрэгцэн алдарт Солонготын даваа уруудаж явна. “Тосон” дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтыг сурвалжлах томилолт авсан минь энэ. Удтал зургийг нь харсан шинэ станцыг бодитоор үзэж танилцах боломж олдсонд олзуурхана.
Хамгийн хүйтэн цэгт сүндэрлэсэн дулааны цахилгаан станц
Өглөө эртлэн Их-Уулаас зорьсон газрын зүг хөдлөв. Гуч гаруй минутын дараа уулсын дундаас дулааны станцын бараа харагдлаа. “Тосон” дулааны цахилгаан станцыг сумын төвөөс нэлээн зайдуу хэмээн бодож явсан минь өрөөсгөл байж. Өмнө нь станцын оронд сумын зүүн урагшаа хэсэг айл хамгийн түрүүнд цухуйдаг сан. Одоо Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “нэрийн хуудас” нь энэхүү дулааны станц болжээ.
Нар хөөрөх үед хүсэн хүлээсэн “Тосон” станцын гадаа ирэв. Станцын хашаан дотор бүтээн байгуулалтын ажил ид өрнөж хүн, техник хоёр ёстой л шижигнэж байна. Нам гүм ноёлсон сумын төвөөс тэс ондоо уур амьсгалтай орчин угтав. Ажил хийдүүлж зүгээр зогсоо нэгэн ч нүдэнд торсонгүй. Бүгд л хувь хувийн ажилдаа шамдана. Яг одоо “Тосон” дулааны цахилгаан станц дээр монгол, хятадын 250 гаруй мэргэжилтэн ажиллаж байна.
“Жем групп”-ийн эзэмшлийн “Тосон Энержи” ХХК 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэхүү төслийг хэрэгжүүлж буй. Судалгааны ажил 2021 оноос эхэлж, дараа жил нь олон улсын “MITIME интернэшнл” ХХК-тай гэрээ байгуулснаар үндсэн ажлууд эхэлсэн юм. Станцын зураг төслийг Хятадын эрчим хүчний томоохон компани “Power China” хийжээ. Ингээд 2023 оноос барилга угсралтын ажил явагдсан. Харин таван сарын өмнө (2025.01.17) эхний блокийг, хоёр дахь блокийг нэгдсэн сүлжээнд (2025.06.14) холбосноор бүрэн чадлаар 100 хувь ачаална. Үндсэндээ гадна тохижилт, зам талбайн ажил, зарим туслах байгууламж, станцын оффис, ажилчдын байрны барилга угсралт, дотор засал ид өрнөж байна. Станцын үйлдвэрийн тоноглолуудыг бүрэн суурилуулж, ажиллагаанд залгахад бэлэн байдалтай угтав. Улсын комисс ажиллуулах хүсэлтээ ч гаргаад байгаа аж.
Шинээр баригдаж буй оффисын хоёр давхрын булангийн өрөөнд “Тосон Энержи” ХХК-ийн удирдлага, санхүү, захиргааны арав гаруй хүн төвхнөжээ. Энд тус компанийн Гүйцэтгэх захирал М.Түвшинбат, Ерөнхий инженер Р.Батдорж төслийн талаарх мэдээллийг танилцуулсан юм.
Бүтээн байгуулалтын хүрээнд 22 МВт хүчин чадалтай “Тосон” дулааны цахилгаан станц, Тэлмэн дэд станц хүртэл 61.7 км урт 110 кВ “Булнай” цахилгаан дамжуулах агаарын шугам, ил хуваарилах байгууламж тус тус багтжээ.
Станц ашиглалтад орсноор 100 орчим ажлын байр шинээр бий болох тооцоололтой байна. Үүнээс 30 хувь нь нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилчид бол бусад нь дунд мэргэжлийн оператор, засварчин, гагнуурчин байх нь.
“Одоогийн байдлаар станцын үйл ажиллагааг гэрээний дагуу хятад ажилчид хариуцаж байна. Гэрээний хугацаа дуусахад 1.5 жил үлдлээ. Үүнээс хойш бид өөрсдөө станцаа авч явах ёстой. Тиймээс нарийн мэргэжлийн инженерүүдийг бэлтгэх шаардлага тулгарч байна. Цалин хангамжийн хувьд улсын байгууллагуудтай дүйцэхүйц, магадгүй түүнээс арай илүү байлгахыг зорьж байгаа. Гэвч яг эрчим хүчний сургууль төгссөн мэргэжилтнүүд ховор юм. Завхан аймгийнх биш л бол Улаанбаатараас 800 км зайтай, монгол орны хамгийн хүйтэн суманд ирж ажиллая гэхгүй бололтой. Эрчим хүч гэлтгүй бүхий л салбарт орон нутагт боловсон хүчин татах нь амаргүй байх шиг. Ямартай ч бид ажилтнуудынхаа нийгмийн хангамжийн асуудалд анхаарал хандуулж байна. Эхний ээлжинд 20 айлын орон сууц барихаар зураг төсөл батлагдсан. Барилга угсралтын ажил ойрын хугацаанд эхэлнэ.” хэмээн М.Түвшинбат захирал ярилаа.
“Тосон Энержи” компани Тосонцэнгэл суманд бүртгэлтэй төдийгүй 2024 оны намар ажилчдаа нүүлгэж ирснээр бүрэн бүрэлдэхүүнээрээ орон нутагтаа үйл ажиллагаагаа явуулж байна. М.Түвшинбат захирал ч мөн гэр бүлээрээ суманд шилжин суурьшжээ. Залуу гэр бүлийн хувьд орон нутагт амьдрахад цэвэр агаартай, түгжрэлгүй, байгаль сайхантай, амьдрахад таатай зэрэг давуу талтайг хэлэв.
Үнэхээр л Завхан аймгийн залуус “Тосон” станцыг зорин ирж байгаагийн нэг нь дулааны инженер Т.Идэрчулуун ажээ. Тэрээр Улиастай сумын харьяат, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийг 2020 онд төгссөн залуу мэргэжилтэн. Түүний хувьд Улаанбаатар хотод “Тавантолгой түлш” ХХК-д уурын техникчээр ажиллаж байгаад энэхүү станцын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, төрсөн нутагтаа ажиллаж, амьдрах хүсэл тэмүүлэл дүүрэн ирсэн нь энэ. “Тосон Энержи” ХХК-иар овоглогдоод даруй нэг жил улирчээ.
Завхан, Говь-Алтай аймгийн цахилгаан хэрэглээний 70 хувийг дангаар хангана
“Тосон” дулааны цахилгаан станцад 2025 оны нэгдүгээр сарын 24-нд техникийн комисс ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл 23 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ. Үүнээс 19 сая кВт.цаг эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлсэн байна.
Энэ бол 11 МВт чадалтай эхний блокийн үйлдвэрлэлийн хэмжээ юм. Хоёрдугаар блокийг сүлжээнд залгаснаар 22 МВт чадлаар бүрэн ачаална. Улсын комисс хүлээн авсны дараагаас эрчим хүч худалдах нөхцөл бүрддэг бөгөөд сүлжээнд нийлүүлсэн эрчим хүчийг албан ёсоор тооцож эхэлдэг гэдгийг дурдах нь зүйтэй.
Тус станц “Алтай Улиастайн эрчим хүчний систем”-д цахилгаан эрчим хүч нийлүүлдэг. АУЭХС-ийн 2024 оны өвлийн оргил ачаалал 29.8 МВт хүрчээ. Үүнээс үзвэл “Тосон” ДЦС ашиглалтад орсноор Говь-Алтай, Завхан аймгийн нийт эрчим хүчний хэрэглээний 70 гаруй хувийг дангаар хангах боломжтой аж.
Энэхүү станц Тосонцэнгэл сум руу шууд цахилгаан нийлүүлдэггүй. Тэлмэн дэд станцаар дамждаг. Учир нь Тосонгийн дэд станц 2000 кВ трансформатортай учир өндөр чадалтай станцтай шууд холбогдох боломжгүй юм. Харин 15 МВт дулааны эрчим хүчээр 10 гаруй мянган хүн амтай сумыг бүрэн хангана.
“Тосон” станц дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэнэ. Тиймээс станцаас дулаан дамжуулах шугам, тоноглолуудыг бүрэн угсарчээ. Гагц Тосонцэнгэл сумын нэгдсэн шугам сүлжээний ажил дуусаж ашиглалтад орохыг хүлээж байна. Улмаар 2026 оны гуравдугаар улирал хүртэл дулаан үйлдвэрлэхгүй нөхцөл байдал үүсжээ. Ийн хослон үйлдвэрлэл явуулахгүй байх нь дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмж, цаашлаад эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдгийг Ерөнхий инженер Р.Батдорж тайлбарлав.
Тэгвэл “Тосон” станцаас 45 км зайд орших Их-Уул сум руу цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой. Учир нь Их-Уул бол урт шугамын төгсгөлд байрлах хүчдэлийн уналттай цэг юм. Тиймээс “Тосон” станцаас дамжуулах шугам татаад цахилгаан нийлүүлбэл хоёр талын эх үүсвэртэй болохын зэрэгцээ хүчдэлийн уналтын асуудлыг шийдвэрлэнэ. Энэ талаар М.Түвшинбат захирлаас тодруулахад “Аймаг орон нутаг анхаарал хандуулаад явах байх. Төр засгаас Их-Уул руу дамжуулах шугам татчихвал эрчим хүчээр хангах бүрэн боломжтой” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Техникийн комисс ажилласнаас хойш эрчим хүчний үйлдвэрлэлд 23.5 мянган тонн нүүрс түлжээ. Энэ зундаа 50 мянга орчим тонн багтаамжийн үнсэн санг байгуулах аж.
Станцын түүхий эдийг хангахад нүүрс тээвэрт 15-20 машин тогтмол явдаг байна. Орон нутгийн компаниудыг дэмжин хоёр компанитай хамтран ажиллаж нүүрс тээврээ гүйцэтгүүлж байна. Станцын хэрэглээний нүүрсийг Могойн голын уурхайгаас 100 км замаар тээвэрлэдэг гэсэн үг. Үүний 70 км нь шороон зам. Өвөл цас их унавал тээвэрт асуудал үүсэж болзошгүй тул станц тодорхой хэмжээний түүхий эдийн нөөцтэй байхаар тооцжээ. Цаашдаа Мөрөн-Улиастай чиглэлийн хатуу хучилттай авто замын төсөл амжилттай хэрэгжвэл тээвэрлэлт 100 хувь хатуу хучилттай замаар явах боломж бүрдэх юм. Биднийг станцын бүтээн байгуулалттай танилцах зуурт нүүрс тээвэрлэсэн машин ирж яваа харагдав.
Ийн цайны цаг өнгөртөл үргэлжилсэн яриа өндөрлөж, хоёр төрлийн ус цэвэрлэх байгууламж, гүний гурван худаг, ус хөргөлтийн систем, цахилгаан ил хуваарилах байгууламж, нүүрсний талбай, нүүрсний туузан дамжуурга, ажлын оффис, ээлжийн ажилчдын байр, харуулын байр, станцын үйлдвэрийн барилгатай танилцлаа. Энд дизель түлш хадгалах хэсэг ч байна. Том станцууд мазут ашигладаг бол “Тосон” станц дизель түлшээр зуухаа галлаж асаан, даралт температурыг нь тогтворжуулсны дараа нүүрс рүү шилждэг аж.
Хими ус бэлтгэлийн хэсэгт “Тосон Энержи” ХХК-ийн химийн инженер С.Отгон-Өлзийтэй ярилцах боломж тохиов. Тэрээр “Манайх усыг гурван шатлалаар шүүж цэвэршүүлдэг технологитой. Эхлээд усан дахь шавар, булингар зэрэг бүхэллэг хольцуудыг, дараа нь хоёр шатлалтай осмосын төхөөрөмжөөр шүүгээд эрдэсгүйжүүлсэн усаа зуух руу дамжуулдаг. Ингэснээр зуух зэврэх, бөглөрөх асуудал үүсэхгүй. Тоноглолууд хэвийн ажиллахад чухал үүрэгтэй. Бид шинжилгээг цаг тухайд нь авдаг” хэмээн ярилаа. С.Отгон-Өлзий мөн л төрсөн нутагтаа ажиллахаар Завхан аймгийн Тэлмэн суманд хоёр жилийн өмнө нүүж иржээ. Өнгөрсөн наймдугаар сард “Тосон” станцад ажилд орсон байна. Өглөө, оройдоо 60 км замыг туулан ажилдаа ирдэг ч Улаанбаатарт түгжирснээс хамаагүй дээр гэнэ. Одоо Тосонцэнгэл сум руу нүүж ирэх бэлтгэлээ хангаж буй. “Станц маань ашиглалтад орсноор орон нутгийн хөгжилд чухал нөлөөтэй. Үүнийг дагаад нарийн мэргэжилтэй залуус орон нутагт суурьшина гэдэг том давуу тал. Тухайлбал, миний мэргэжлийн ажлын байр ховор учраас хөдөө орон нутагт ирэх нь эргэлзээтэй. Гэтэл гэр бүлээ бодохоор орон нутагт амьдармаар байдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдээд өгчээ. Энд ажлын байр байхад эргэлзэх зүйлгүй хотоос ирж байгаа юм” гэсэн залуу мэргэжилтний өөдрөг яриагаар бидний уулзалт өндөрлөлөө.
Орж харж, очиж танилцах болгонд шинэ тоног төхөөрөмжүүдээс хамгийн сонирхол татсан нь “Турбин-генератор-1”, “Турбин-генератор-2” гэсэн бичигтэй хагас дугуй хэлбэртэй, цэнхэр өнгийн тоноглолууд байв. Өнөөх “гайхал”, эрчим хүч үйлдвэрлэгч гол төхөөрөмж энэ шүү дээ. Эдгээр тоноглолыг дулааны цахилгаан станцын амин зүрх гэж тодорхойлоход буруудахгүй. Бас өөрийгөө тольдож болмоор шинэхэн, гялтгар төмөр шугам хоолойнууд ч сүлжилдэн байх нь содон.
Баруун аймгуудын хөгжлийн тулгуур болоосой
Баруун аймагт хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй, том чадлын анхны дулааны цахилгаан станц бол “Тосон”. Энэ төслийг хэрэгжүүлэхэд хамгийн хүндрэлтэй зүйл нь тоног төхөөрөмжөө импортолж, станц барих байршил хүртэл тээвэрлэх явдал байжээ. Замын-Үүдийн боомтоос нийслэл Улаанбаатараар дамжин Тосонцэнгэлд авч ирсэн гэсэн үг. Ингэхдээ стратегийн ач холбогдолтой төслийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх тухай хуулийг хэрэгжүүлсэн анхны төсөл болжээ. “Гэвч хууль шинэ учраас зарим тодорхойгүй зүйл дээр цаг хугацаа алдсан. Дээрээс нь анх удаа эрчим хүчний төсөл хэрэгжүүлж буй учраас аль аль талдаа алдаа онооноосоо суралцаад л явж байна” гэдгийг “Тосон Энержи” ХХК-ийн удирдлагуудын зүгээс хэллээ.
Олон хүний хичээл зүтгэл, хүч хөдөлмөр, мэдлэг чадварын үндсэн дээр “Тосон” дулааны цахилгаан станц бүтээн босож байна. Чадлын дутагдалтай байгаа Монгол Улсад чамлахааргүй хэмжээний хүчин чадалтай эх үүсвэр ийнхүү нэгээр нэмэгдэв.
“Тосон” дулааны цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэсний үр дүнд эрчим хүчний системийн ачааллыг хуваалцаж, хүчдэлийн уналт ч буурч байгаа аж. “АУЭХС” ТӨХК-ийн Завхан салбарын ахлах инженер Б.Лхагвадорж “Манай эрчим хүчний систем горимын хувьд хүнд байсан. Эрдэнэт-Булган-Мөрөн-Тэлмэн гээд 800 км үргэлжилж байгаа дамжуулах шугам учраас хүчдэл маш их унадаг. Бид нэмэлтээр реактор, SVG залгаж ажиллуулдаг байлаа. “Тосон” ДЦС дээр техникийн комисс ажиллаад нэг турбин нь сүлжээнд залгагдсаны дараагаас хүчдэлийн уналт багассан. Дээрээс нь өнгөрсөн жилүүдэд захын сумдад эрчим хүч хязгаарлаж байсан. Яг хажуудаа эх үүсвэртэй учраас энэ жил хязгаарлалтад ороогүй. Төвийн бүсээс 9 МВт чадал авснаас Тосонгоос нийлүүлэх нь хамаагүй дээр байна” хэмээж байв. Түүгээр зогсохгүй насжилт өндөртэй Мөрөн-Тэлмэн чиглэлийн дамжуулах шугамд гэмтэл саатал буурахад ч нөлөө үзүүлж байна.
“Тосон” станцын бүтээн байгуулалт орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлжээ. Үйлдвэрийн уурыг ашиглаад үйлдвэрлэл эрхлэх, арьс шир, түүхий эд боловсруулах, мод бэлтгэх зэрэгцээ бололцоо бий. Үүнээс гадна станцын ойролцоо томоохон үйлдвэр байгуулах, төсөл хэрэгжүүлэх сонирхолтой иргэд ч байгаа гэнэ. Хамгийн гол нь эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг чухалчилж байна. Станцын хүчин чадлаа нэмж, өргөтгөх боломжтой эсэхийг нэн тэргүүнд асуудаг гэнэ.
“Тосон Энержи” ХХК 30 МВт дулааны станц барих тусгай зөвшөөрөлтэй. Эхний ээлжинд дээр хэлсэнчлэн 22 МВт чадлаар ажиллана. Өргөтгөх нөөц боломжоо судлаад, горим тооцоогоо дахин хийлгэж, ТЭЗҮ-ээ шинэчилж байгаа аж. Хөрөнгө оруулалтын шийдлүүдээ ч эрэлхийлж буй. Гүйцэтгэх захирал М.Түвшинбат “Бидэнд станцаа 70 МВт, 100 МВт чадлаар өргөтгөх эрмэлзэл бий. Томоохон үйлдвэрлэлээс гадна, ахуйн хэрэглээ ч хурдтай өсөж байна. Өргөтгөлийн ажлаа ирэх жилийн зун эхлээд, 2028 оны дөрөвдүгээр улиралд дуусгах төлөвлөгөөтэй явж байна. Гэвч бид хүчин чадлаа нэмлээ гэхэд Тэлмэн дэд станц, Тосонгийн трансформатор, шугам сүлжээгээ давхар өргөтгөхгүй бол ямар ч нэмэргүй. Учир нь дамжуулах шугамын чадал эцэстээ тулчихсан” гэлээ.
“Тосон” дулааны цахилгаан станц манай улсын эрчим хүчний системийн эмзэг цэгт, зөв цагтаа сүндэрлэжээ. Үйлдвэрлэсэн 1 кВт.цаг цахилгаан эрчим хүч болгоны тоогоор эргээд орон нутагт татвар төлнө. Тэдэнд хүчин чадлаа нэмэгдүүлж, дахин хөрөнгө оруулалт хийж жижиг дунд үйлдвэрлэл, цаашлаад томоохон бүтээн байгуулалтын суурь болох амбиц дүүрэн байна. Гагцхүү мөнөөх л олон жилийн насжилттай дамжуулах шугам, хуучирсан, хүчин чадал багатай тоног төхөөрөмжийн асуудлууд тушчихсан мэт. Гэсэн ч улсын комисс хүлээн авч, удалгүй “Тосон” дулааны цахилгаан станцаас Их-Уул сум цахилгаан нийлүүлж, Тосонцэнгэл дулаан авах өдөр ойрхон байна. Өөр нэг өдөр баруун таван аймагт “Тосон” шиг олон станц баригдаж, үйлдвэрлэл бүтээн байгуулалтын бүс нутаг болох нь дамжиггүй гэх дэврүүн бодол тээн замд гарлаа. Цахилгаан дамжуулах агаарын шугамыг хэлхсэн аварга багануудын цуваа Тэлмэний хөндийг улам улам алслаад байх шиг.