Эрчим хүчний зохицуулах хорооноос “Ухаалаг тоолуурын шинэчлэл, зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлэг зохион (2025.09.17) байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт ЭХЯ, ДҮТ ТӨХХК, УБЦТС ТӨХК, Нийслэл түгээх сүлжээ ХХК, Узбекистан улсын “Тошэлектроаппарат” ХХК болон цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй 26 компанийн 100 гаруй төлөөлөгч оролцлоо.
Хэлэлцүүлгээр эрчим хүчний салбар дахь ухаалаг тоолуурын хэрэглээ, үр ашиг, төслийн хэрэгжилтийн үр дүн, шинэ шийдлийн талаар харилцан санал солилцов. Түүнчлэн төлбөр тооцооны тогтолцоог боловсронгуй болгох, хэрэглэгчдэд эрчим хүчний хэрэглээгээ оновчтой зохицуулах, хянах боломжийг бүрдүүлэх талаар санал, зөвлөмж гаргахаар болжээ.
Монгол Улсын хэмжээнд 2025 оны хагас жилийн гүйцэтгэлээр нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд 1,016,817 тоолуураар борлуулалт хийж байгаагаас 38 хувь нь ухаалаг тоолуурт шилжсэн байна. Үлдсэн 62 хувийг 2028 он гэхэд шинэчилж дуусгах зорилт тавьжээ. Ингэснээр хэрэглэгчдэд хэрэглээгээ хянаж хэмнэлт хийх, байршлаас үл хамааран төлбөрөө төлөх боломж бүрдэнэ.
Мөн эрчим хүчний үүсгүүрийг ашиглах, бодит хэрэглээнд суурилсан тарифын зохицуулалт хийх, түгээлт, хууль бус хэрэглээг бууруулж эдийн засгийн чадавхыг сайжруулах зэрэг ахиц дэвшил гарснаар “Ухаалаг сүлжээ”-нд шилжих суурь нөхцөлийг бий болгох аж.