МУИС-ын Номын Сан (2025.09.12)
Цаас үйлдвэрлэл дэлхийн цөлжилтийн 35 хувийг эзлэх голлох шалтгаан болж, энэ үйлдвэрлэлийн улмаас 4 тэрбум ширхэг мод үгүй болжээ. Тэгвэл байгалийн энэхүү нөлөөллийг бууруулж, цаасны үйлдвэрлэлд инновацлаг санааг Ré paper studio-ийн үүсгэн байгуулагч Г.Эрчиссаран есдүгээр сарын 12-нд Улаанбаатар хотноо болсон Falling Walls Lab Mongolia олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулсан юм. Байгаль дээр хаягдаж байгаа аргал буюу үхрийн баас, хаягдал хуучин жийнс, хувцаснаас цаас гаргаж авах түүний шинэ санаачилга нэг ч мод устгахгүй бөгөөд их хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна
Зөвхөн 100 ширхэг нэрийн хуудас үйлдвэрлэх бүрд 268 литр нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлдэг байна. Нэг тонн цаасыг ийм материалаар үйлдвэрлэснээр 250 кг CO2 ялгарахаас сэргийлдэг байна. Экологийн ул мөр багатайгаар үйлдвэрлэх технологийн хөгжүүлэх зорилготой түүний энэ санаачилга Falling Walls Lab Mongolia олон улсын эрдэм шинжилгээний хурлын онцлох төсөл байлаа.
Ré paper studio, Г.Эрчиссаран
Жил бүр энэ мэтчилэн Монгол, Улсын нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулах, асуудлуудын шийдэл болсон, залуу эрдэмтэн судлаачдын санаачилгыг хөгжүүлж, танилцуулах зорилготой Falling Walls Lab Mongolia олон улсын эрдэм шинжилгээний хурал манай улсад зургаа дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэхүү хурлын Герман улсын ЭСЯ хамтран зохион байгуулж, Эдийн засаг, хөгжлийн яам дэмжин оролцов.
Нийт 16 залуу эрдэмтэн оролцсоноос 12 шинэлэг санаа сүүлийн шатанд шалгарсан нь энэ. Шилдгээр шалгарсан төслүүдийг ирэх арваннэгдүгээр сард Берлинд болох эрдэмт шинжилгээний хуралд танилцуулж, олон улсад таниулах боломжтой.
Энэ удаагийн хурлын талаар ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин төлөөлөгч хатагтай Ханна Бекер, Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Мөнхтөр нар дараах сэтгэгдлээ илэрхийллээ.
Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Мөнхтөр:
Falling Walls Lab Mongolia арга хэмжээг Монгол Улсад зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хөгжил дэвшил, оновчтой бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хувь нэмрээ оруулж байгаагаараа чухал ач холбогдолтой. Аливаа судалгаа, шинжилгээ эргээд улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдлоо өгдөг байх ёстой. Тэр талаас нь бид энэ арга хэмжээг дэмжиж ажиллаж байгаа юм.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Засгийн газар, Эдийн засаг, хөгжлийн яамнаас ер нь шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын бүтээл, шинэ санаа, ололт амжилтуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого барьж ажиллаж байгаа. Энэ бодлоготой өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний хурал давхцаж байгаагаараа онцлогтой.
Шинжлэх ухааныг дэмжих сан маань эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын үйл ажиллагааг дэмжих шинэлэг судалгааны ажлуудыг санхүүжүүлэх бодлоготой. Цаашдаа илүү том түвшинд, эдийн засгийг дэмжсэн хэрэглээний судалгаануудыг илүү дэмжих бодлого баримтална.
ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин төлөөлөгч хатагтай Ханна Бекер:
Монгол-Германы хамтын ажиллагаа зөвхөн дипломат хүрээнд биш, нийгэмд чиглэсэн, тэр дундаа шинжлэх ухаан, технологи, боловсролын салбар, ялангуяа залуучуудыг хөгжил, хамтын ажиллагаа, солилцоонд чиглэж байгаа энэ ажиллагаан дээр дэмжин ажиллах нь чухал ач холбогдолтой тул Германы ЭСЯ Falling Walls Mongolia-тай хамтран ажилладаг.
Залуу эрдэмтэн, судлаачдыг өөрийн ололт амжилтаа таниулах, хоорондоо танилцуулах ч гол нь залуу эрдэмтэн судлаачдын хоорондын мэдлэг солилцооны томооохон индэр болж өгдгөөрөө томоохон ач холбогдолтой. Тэгэхээр энэ салбарт хамтарч байгаа эрдэмтэн судлаачид бие биетэйгээ танилцах, үзэл бодлоо солилцох, ололт амжилт, тулгамдаж байгаа асуудлаа яаж шийдэж болох гээд энэ бүхнийг хуваалцах талбар гэдгээрээ онцлог. Энэ нь зөвхөн Монголоор зогсохгүй олон улсын салбарт мэргэжил нэгт эрдэмтэн судлаачдад боломжийг олгож өгч байгаа гол индэр юм.
Хамтын ажиллагааны хүрээнд харж байхад Falling Walls Mongolia зохион байгуулалтын хувьд ч, оролцогчдын танилцуулж байгаа судалгааны агуулгын хувьд ч чамбайрч байна.
Залуучууд маань ирээдүйдээ чиглэсэн сэдвийг түлхүү хөндөж, түүнийг шийдэх гаргалгааг шинжлэх ухаан, нийгмийн олон талбараас, туршилтаас гээд олон талын судалгаанд тулгуурлаж танилцуулгаа хийж, чадварлагаар үзүүлж байна.
Хамтын ажиллагаатай байгаагийн нэг онцлог нь өөрийн гэсэн байр сууриа олсон тогтвортой хөтөлбөр болж чадаж байгаа. Энэ нь залуу эрдэмтэн судлаачдад олон улсын сүлжээнд орох, мэргэжил нэгтэнтэйгээ танилцах, мэдээлэл солилцох боломж, индэр нь болж байгаа нь бидний олон жилийн хугацааны хамтын ажиллагааны үр дүн юм.
Тухайлбал, 2023 оны оролцогч Нано центрийн докторант н.Номин Innovation Week-т оролцон III байрт орж, цаашлаад Италид доктрын ажлаа хийж байгаа нь энэ эрдэм шинжилгээний хурлын үр дүнгийн нэг том жишээ. Залуу судлаачид маань энэхүү хөтөлбөрөөр дамжуулан өөрийгөө илэрхийлэх, судалгаагаа танилцуулах зэргээр улам чадваржиж, суралцаж байгаа энэ үйл явц зогсолтгүй явах нөхцөлийг бүрдүүлж байгаа нь чухал ач холбогдолтой.