E-Sight
Улс орнууд дулаанаа хэрхэн шийддэг вэ?

Улс орнууд дулаанаа хэрхэн шийддэг вэ?

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Дөрвөн улирал ээлжилдэг улс орнууд төвлөрсөн дулаан хангамжтай байх нь бий. Тухайлбал Дани улсын айл өрхийн 64.5 хувь нь, тэр дундаа Копенхаген, Орхус, Оденсе зэрэг томоохон дөрвөн хотын 94 хувь нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон байдаг. Тэгвэл эсрэгээрээ өвлийн улиралтай хэдий ч төвлөрсөн дулаан хангамжгүй улсаар Японыг нэрлэж болно. Бидэнтэй ижилхэн хүйтэн орнуудын дулаан хангамжийн тухай сонирхолтой тоо баримтыг сонирхуулъя.

Данийг эхэнд оруулсан шалтгаан нь тун энгийн. Тэнд хамгийн өндөр үр ашигтай дулаан хангамжийн систем байдаг. Үүний учир манай улсын анхны Дулаан хангамжийн тухай хуулийн төсөлд Данийн туршлагыг тусгасан. Өвлийн улиралд цас, бороо холилдон ордог энэ улсын дулааны хэрэглэгчдийг үндсэндээ төвлөрсөн дулаан хангамж, хийн дулаан хангамж, бие даасан халаалтын шийдэлтэй гэж гурав ангилдаг байна. Данийн 2.8 сая айл өрхийн 400 мянга нь буюу 15 хувь нь байгалийн хийгээр дулаан хангамжийг шийдэж иржээ. Тэгвэл 2022 оноос тус улсын Засгийн газар импортын хийн хараат байдал, нүүрсхүчлийн хийг бууруулах үүднээс цэвэр дулаан шийдлийг танилцуулсан байна. Үүнээс хойш хийн хэрэглээ буурч, оронднь биомасс, хог хаягдал, аж үйлдвэрийн хаягдал дулаан, нар, салхины эрчим хүчээр нөхөж, дулааны үр ашигт улам анхаарах болжээ. Харин талаас илүү нь буюу 1.8 сая айл өрх төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон. Данийн нийт дулаан үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадал 2023 онд 5530 МВт хүрсэн. Хүчин чадлаар томд тооцогдох таван станцын үндсэн түлшинд нүүрс, газрын тос, байгалийн хий, модны үрэл ашиглагдаж байна. Төвлөрсөн дулаан хангамж есдүгээр сарын сүүлээс эхэлж, тавдугаар сарын дундуур дуусдаг. Жил бүр тогтсон өдөрт халаалт нийлүүлж, зогсоодоггүй нь тухайн халаалтыг түгээх байгууллага, цаг агаараас хамаарч шийдэгддэг. Тэгвэл бие даасан эх үүсвэртэй айл өрхүүд 18 хэмээс доошилсон тохиолдолд жилийн турш халаалттай байдаг аж.

Дэлхийн төвлөрсөн дулаан хангамжийн зах зээл 2024 онд 170 тэрбум ам.доллар байсан бол энэ тоо 2032 онд 241 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй. Нийт зах зээлийн 74 хувь нь Европ тивд хамаарч байна.

Унгар бол манай улстай ойролцоо дулааны шийдэлтэй орнуудын нэг. 2025 онд 210 төвлөрсөн дулаан хангамжийн байгууллага, төв, дэд бүтцээр дамжуулан 700 мянган айл өрх, 12 мянган боловсрол, нийгэм, эрүүл мэндийн байгууллагууд, худалдааны төв, спортын байгууламжуудыг халаалтаар хангаж байна. Тус улс 4.4 сая айл өрхтэй бөгөөд дулаан дамжуулалт есдүгээр сарын 15-нд эхэлж, тавдугаар сарын 15-нд дуусдаг. Унгар энэ жилээс төвлөрсөн дулаан хангамжийг хөгжүүлэх томоохон алхмыг эхлүүлжээ. Хэд хэдэн төслийн хүрээнд дулаан дамжуулалтын үр ашгийг дээшлүүлэх, байгалийн хийн импортын хамаарлыг бууруулах үүднээс аж үйлдвэрийн дулааны насос, газрын гүний дулаан, биомассыг ашиглахаар судалж байна. Аж үйлдвэрийн дулааны насос нь эрчим хүчний шилжилтэд чухал үүрэгтэй гэж судлаачид үздэг. Тухайн аж үйлдвэрээс ялгарах бага температуртай дулааныг сэргээгдэх эрчим хүчээр дамжуулан өндөр температуртай дулаан болгон ашиглах нь үр ашгийг дээшлүүлэхээс гадна нүүрстөрөгчгүйжүүлэх үйл явцад дэмтэй аж. Өнгөрсөн хугацаанд Унгарын орон сууцны айл өрхүүд хийн бойлер суурилуулж дулааны асуудлыг шийдэж ирсэн. Гэвч бүс нутгийн хурцадмал байдал, Европын Холбооны бодлогоос үүдэн айл өрхийн байгалийн хийн хэрэглээ сүүлийн хэдэн жил буурсан байна. Өнгөрсөн онд орон сууцны айл өрхийн 59.4 хувь нь хийн бойлер суурилуулсан гэсэн тооцоо гарчээ. Энэхүү байдал цаашид буурч оронд нь төвлөрсөн дулаан хангамжийн үр ашиг дээшилж, аж үйлдвэрийн дулаан, газрын гүний дулаан, биомассын ашиглалт нэмэгдэх төлөвтэй байна.

Оросын Холбооны Улс дэлхийн хамгийн том, нарийн төвөгтэй төвлөрсөн халаалтын системтэй улс юм. 1 саяас дээш хүн амтай 16 хот байдаг бөгөөд зөвхөн нийслэл Москвагийн шугам хоолойн урт 16 мянга гаруй км-т хүрдэг. Тэр хэмжээгээр засвар шинэчлэлт нүсэр. Эрх баригчдын тооцооллоор улсын хэмжээнд ус, дулааны системийг бүрэн шинэчлэхэд 194 тэрбум ам.доллар шаардлагатай боловч 2023 онд 2.6 тэрбум ам.долларыг төсөвлөжээ. Энэ нь хангалтгүй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд дулааны тасалдал нэмэгдэх болсон. Орон сууц, барилга байгууламж, аж үйлдвэрийн дулааныг ДЦС, ДС-аар хангаж, түлшний гол эх үүсвэр нь нүүрс, байгалийн хий, газрын тос буюу чулуужсан түлшинд төвлөрч байна.

Дэлхийн төвлөрсөн дулааны хангамжийн дамжуулах хоолойн зах зээлийн хэмжээ 2023 онд 541 тэрбум ам.доллар байсан бол 2032 онд 747 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй. Нийт зах зээлийн 35 хувийг Европ тив эзэлж байна.

Япон нь Европын төвлөрсөн халаалтын системээс эрс ялгаатай. Харьцангуй дулаахан өвөл болдог учир айл өрхүүд агааржуулалтаар дулааныг шийддэг байна. Өөрөөр хэлбэл зун сэрүүцүүлэх, өвөл халаах зориулалтаар ашигладаг бөгөөд хүйтний улиралд цас ихээр унадаг бүс нутгийн айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувь нь халаалт, ус халаахад зарцуулагддаг байна. Үүнээс гадна хүйтэн бүс нутагт керосин, хийн халуугаар түгээмэл хэрэглэгддэг. Иймээс япончууд өөрсдийн дулааны хэмнэлтийн соёлтой гэж хэлж болно. Энэ нь тухайн хүн өөрийн орчин, өрөөндөө дулаан үүсгэх жижиг хэрэгсэл буюу агааржуулагч, керосин, хийн болон бусад төрлийн халаагуурыг ашиглах тухай юм.

Дэлхийн дулаан үйлдвэрлэлийн зах зээл 2025 онд 1.56 их наяд ам.долларт хүрсэн бол 2034 онд 2.13 их наядад хүрэх төлөвтэй байна. Голлох зах зээл Ази-Номхон далай бөгөөд нийт зах зээлийн 16 хувийг Хятад дангаараа эзэлж байна. 

Хятад бол дэлхийн хамгийн том дулааны эрчим хүч үйлдвэрлэгч, хэрэглэгч улс. Нийт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 60 хувь нь хосолсон буюу ДЦС-ууд байдаг байна. Гэхдээ энэ нь их хэмжээний дулааны үйлдвэрлэл гэхээс илүүтэй цахилгаан үйлдвэрлэлд голчилдог. Дулааны эрчим хүчний хэрэглээгээр Хятадын хойд, төв, зүүн мужууд тэргүүлдэг. Эдгээр бүс нутагт хүн ам шигүү суурьшсан Бээжин, Шанхай зэрэг томоохон хотууд төвлөрөхийн зэрэгцээ аж үйлдвэр хөгжсөн бүс нутаг юм. Эдгээр бүс нутаг өнгөрсөн хугацаанд айл өрх төдийгүй аж ахуйн нэгжүүд бие даан дулааны асуудлыг шийдэх гэж нүүрс түлснээс ихээхэн хэмжээний агаарын бохирдол үүсгэж байсан. Үүнийг бууруулах үүднээс төвлөрсөн дулаан хангамжид Засгийн газрын зүгээс анхаарах болжээ. Нөгөө талаас айл өрхийг хийн хэрэглээнд нэвтрүүлж байна. 2024 онд Хятадын байгалийн хийн хэрэглээ 420 тэрбум орчим метр куб хүрсэн нь 2019 оноос 100 гаруй тэрбумаар нэмэгдсэн. Өнгөрсөн жилийн хэрэглээний 33 хувь нь томоохон хотуудын айл өрх, түүнтэй холбоотой хэрэглээ эзэлсэн байна. Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлд хийн цахилгаан цахилгаан станцууд өмнөд хэсэгт төвлөрсөн бол хойд мужуудад томоохон хэмжээний нөөц бага байдаг байна.

Энержи Инсайт сэтгүүл, 2025.08, 09 №08, 09 (016, 017)