E-Sight
Бөөрөлжүүтийн уурхай болон станцад 600 гаруй хүн ажиллаж байна

Бөөрөлжүүтийн уурхай болон станцад 600 гаруй хүн ажиллаж байна

“Бодь Интернэйшл” ХХК болон Бөөрөлжүүтийн цахилгаан станц хамтран Австралийн Худалдааны танхимын “Эрчим хүчний инновацын цуврал” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ хүрээнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үйл ажиллагаатай Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ын гишүүд болон гишүүн байгууллагуудын 50 орчим төлөөлөгч (2026.05.01) танилцав. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлага, инновацад суурилсан шийдлүүдтэй бодитоор танилцах боломжийг олгосон юм. Түүнчлэн салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, туршлага, мэдлэгээ хуваалцах идэвхтэй орчныг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой байлаа. 

Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн нүүрсний ордод түшиглэн тус цахилгаан станцыг байгуулж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц болон уурхайн цогц төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж, дотоодын эх үүсвэрт тулгуурласан эрчим хүчний экосистемийг бий болгохоор зорьж буй. Станц болон уурхайд нийтдээ 600 гаруй хүн ажиллаж байна. Энэ цогц төсөл нь сүүлийн 40 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хэрэгжсэн үндэсний хөрөнгө оруулалттай хамгийн том бүтээн байгуулалтын нэг гэдгээрээ онцлогтой.  

Бөөрөлжүүтийн ЦС 2025 онд төв сүлжээнд 1 тэрбум кВт.цаг эрчим хүч нийлүүлжээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь тус бүр 150 МВт хүчин чадалтай дөрвөн блок бүхий, нийтдээ 600 МВт суурилагдсан хүчин чадалтай байх юм. Эхний хоёр блок буюу нийт 300 МВт хүчин чадлыг 2024-2025 онд ашиглалтад оруулж, төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон. Ингэснээр сүлжээний найдвартай, тогтвортой ажиллагааг сайжруулах, оргил ачааллын хязгаарлалтыг бууруулахад бодит дэмжлэг болж байна. 

2025 онд тус станц төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч нийлүүлж, нийт хэрэглээний ойролцоогоор 15 хувийг ханган ажиллажээ. Харин үлдсэн III, IV блокийг 2027-2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын Үйлдвэрлэлийн хэлтсийн захирал М.Тайванбат станцын үйл ажиллагаа, технологийн давуу талуудыг танилцууллаа. Тэрээр “Манай цахилгаан станц нь эргэлтэд буцламтгай технологид суурилсан зуухтай. Энэхүү хос циклон сепаратор бүхий CFB зуух нь нүүрсний бүрэн шаталтыг сайжруулж, бага илчлэгтэй хүрэн нүүрсийг үр ашигтай ашиглах технологийн давуу талтай. Зуух нь нам температурын шаталтын горимтой тул азотын ислийн ялгаралт Монгол Улсын стандартаас 2.5 дахин бага, шохойн чулуу шатаах нэмэлт системтэй учир хүхрийн ислийн ялгаралт стандартын хэмжээнээс 2 дахин бага” хэмээн тодотгов. 

Түүнчлэн агаарын хөргөлтийн системийг ашигласнаар усны хэрэглээг хамгийн бага түвшинд барьж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулжээ. Эдгээр нь станцын байгальд ээлтэй, дэвшилтэт технологийн гол давуу талууд гэлээ. Мөн цахилгаан станц нь нүүрсний эх үүсвэр болох уурхайн ордын аман дээр байрлалтай гэдгээрээ онцлогтой аж. Энэ нь тээврийн зардлыг бууруулж, туузан дамжуургаар нүүрсийг шууд станцад нийлүүлэх боломжтойгоороо эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, логистикийн оновчтой шийдэл болсон байна. 

Станцын үйл ажиллагаатай танилцсаны дараа зочид, төлөөлөгчид Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний уурхайтай танилцлаа. Тус уурхай 2017 онд хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2017-2025 оны хугацаанд уулын бэлтгэл болон олборлолтын ажлыг шат дараалалтай гүйцэтгэжээ. 2019 оноос Амгалан дулааны станц болон Бөөрөлжүүт цахилгаан станцад нүүрс ханган нийлүүлж байна.

Өнгөрсөн оны наймдугаар сарын 5-ны өдөр Бөөрөлжүүт цахилгаан станцад анхны 1 сая тонн нүүрс нийлүүлсэн нь компанийн түүхэнд онцлох үйл явдал болжээ. 2025 оны үзүүлэлтээр Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ил уурхай нь 1040.0 мянган тонн нүүрс олборлож, 5453.5 мян.м3 хөрс хуулах ажил гүйцэтгэжээ. Цаашид уурхайг жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллуулах зорилтын хүрээнд олборлолт, тээврийн тоног төхөөрөмжийг цахилгаан болгох судалгааг хийж байна.